Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр (2026.08.17) Улаанбаатар хотноо эхэллээ.

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг илгээлтдээ,

"Монгол Улс энэхүү хурлыг зохион байгуулагч орны хувьд олон талт хамтын ажиллагааны чухал үйл явдлыг амжилттай удирдан явуулах өндөр хариуцлагыг хүлээж байна. Миний бие тус хурлын Даргын хувиар Талуудын байр суурийг харилцан хүндэтгэх, зөвшилцлийг эрхэмлэх, хэлэлцүүлгийг бодит үр дүн, хэрэгжилтэд чиглүүлэхийг нэн тэргүүний зорилт болгон ажиллана.

Цөлжилт, газрын үржил шим буурах, гангийн асуудал нь хүнсний аюулгүй байдал, усны хомсдол, иргэдийн амьжиргаа, тогтвортой хөгжил, улмаар энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн сорилт болж байна.

Тиймээс тус хурлаар гаргах шийдвэрүүд бодит амьдралд хэрэгжихүйц, улс орнуудын үндэсний нөхцөл, тэргүүлэх чиглэлтэй уялдсан, санхүүжилт болон технологийн бодит дэмжлэгээр баталгаажсан байх нь чухал юм.

Монгол Улс туршлага, онцлогоо хуваалцахын зэрэгцээ дэлхийн улс орнуудын туршлага, шинжлэх ухааны ололт, шинэлэг шийдлүүдийг нэгтгэн, газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг бэхжүүлэх, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангах чиглэлд олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой байна.

Энэ хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, НҮБ болон мэргэжлийн багууд нягт хамтран хийж, хурлын зохион байгуулалт, оролцогчдын бүртгэл, хөтөлбөр, дэд бүтэц болон бусад шаардлагатай бэлтгэлийг хангаад байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор ирсэн төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, дипломат төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, бизнес, иргэний нийгэм, залуучууд, зочид, төлөөлөгчид, нийт оролцогч Та бүхэн Монгол Улсад тавтай морилно уу" гэжээ.

Бага хурал энэ сарын 17-ноос 28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая!” уриан дор зохион байгуулагдаж байна.