Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан. Энэ хүрээнд “Даян Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгууллаа.
Чуулганд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэрийн өмнөөс, хоёр өдрийн турш мэдлэг, туршлага, санал бодлоо хуваалцсан Дэлхийн олон улсын малчдын төлөөлөлд талархал илэрхийлэв”.
Дэлхийн өнцөг булан бүрийн малчид ган, усны хомсдол, бэлчээрийн доройтол, газрын ашиглалтын дарамт, зах зээлийн өөрчлөлт, мөн малчин ахуйг сонгох залуусын тоо буурч байгаа зэрэг олон ижил сорилттой тулгарч байгаа ч асуудал бус шийдлийн талаар ярилцахаар цугласан гэдгийг онцлов.

Бэлчээр бол хүн, мал, ус, ургамал, хүнс, соёл уламжлал, орон нутгийн эдийн засгийг тэтгэдэг амьд экосистем. Малчид бол зөвхөн дэмжлэг шаарддаг хүмүүс биш гэдэгтэй санал нэгдлээ. Тэд бол газрын менежерүүд, хүнс үйлдвэрлэгчид, уламжлалт мэдлэгийн өв тээгчид бөгөөд шийдвэр гаргах үйл явцын чухал түншүүд гэдгийг тодрууллаа.
Чуулганаар Дэлхийн малчдын тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглал-ыг тус тус баталлаа. Эдгээр тунхаглал зөвхөн цаасан дээр үлдэх ёсгүй. Эдгээр нь малчдын дуу хоолойг илэрхийлж, орон нутгийн иргэдэд юу хэрэгтэй байгаа болон цаашид бид юу хийх ёстойг тодорхой харуулж байна.
Монгол Улсын хувьд мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй нь бидний түүх, соёл, амьдралын хэв маягийн салшгүй хэсэг юм.

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-ны өдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17 эхэлнэ.
Энэхүү уулзалт нь COP17-ын өмнөх ээлжит нэгэн арга хэмжээ төдий биш юм. Энэ бол тал нутагт амьдарч буй малчдын бодит амьдрал, дуу хоолойг олон улсын түвшинд гарч буй шийдвэрүүдтэй холбох гүүр гэдгийг онцлон, баталсан тунхаглалуудыг COP17-д хүргүүлнэ. Энэ бол эхний алхам.
Тэдгээрийг сонсож, хэлэлцэж, бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэх ёстой. Зохион байгуулагч орны хувьд Монгол Улс малчдын дуу хоолойг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, ган, ус, хүнсний тогтолцоо болон санхүүжилтийн асуудлаарх хэлэлцүүлгүүдийн салшгүй хэсэг болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлээд нийт оролцогчдыг COP17-ын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урилав.

“Даян Дэлхийн малчдын чуулган”-д дэлхийн 100 гаруй орны нүүдэлчид болон иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургууль, судалгааны байгууллагын 240 орчим зочин, Монгол Улсын 100 гаруй малчид оролцлоо.

