Кардиологич доктор Дэвид Ри, түүний гэр бүлийнхэн гадил жимсэнд дуртай ажээ. Тэрбээр гадилыг “авч явахад хялбар, чихэрлэг, эслэг ихтэй, хямдхан, бас нэрийг нь хэлэхэд хөгжилтэй” гэж үнэлдэг байна.
Гвен Стефани өөрийн алдарт “Hollaback Girl” дууныхаа үгэнд гадилыг онцлон дуулснаар түүнийг бүр “үргэлж моодонд байдаг” жимс болгосон гэхэд болно. Гадил жимс хүний эрүүл мэнд, тэр дундаа зүрхний эрүүл мэндэд үнэхээр хэрхэн нөлөөлдөг бол?
Доктор Ри “Би аливаа зүйлийг энгийн байлгахыг хичээдэг. Эцсийн эцэст, бид юу иддэг, тэр л зүйл маань бидний биеийн нэг хэсэг болдог” гэж тайлбарлажээ.
Мөн тэрбээр “Орчин үеийн анагаах ухаан гайхалтай хөгжсөн ч үндсэн зүйлсийг мартаж болохгүй. Бие махбоддоо юу оруулж байгаагаа, мөн түүнийгээ хэрхэн хөдөлгөж буйгаа мэдэх хэрэгтэй. Хооллолт болон дасгал хөдөлгөөн бол зөвхөн эмийг орлох арга биш, эрүүл мэндийн үндсэн тулгуур хэвээр байна. Гэхдээ энгийн байна гэдэг нь заавал амар хялбар байна гэсэн үг биш” гэжээ.
Үнэхээр ч ойролцоох дэлгүүрээс бэлэн, өндөр боловсруулалттай “хоол орлуулагч” бүтээгдэхүүн аваад идэх нь маш амархан. Гэхдээ зүрхэнд тустай хоол хүнсийг сонгох нь зүйтэй. Гадилын хувьд олон хүнд боломжийн үнэтэй, авч явахад хялбар бөгөөд хальсыг нь хуулж идэхэд тун амархан.
Abbott компанийн Зүрхний бүтцийн өвчний салбарын эмнэлгийн асуудал хариуцсан ахлах захирал, доктор Надим Гелүү “Та нас болон удамшлын түүхээ өөрчилж чадахгүй. Харин тавган дээрээ юу тавихаа өөрчилж чадна. Хооллолт нь зүрхний өвчний гол хүчин зүйлүүд болох цусны даралт, холестерин болон цусан дахь сахарын түвшинд нөлөөлдөг” гэж хэлжээ.
Тэр “Ямар нэгэн хүнс яагаад тустай байдгийг ойлгосон үедээ хүмүүс түүнийг тогтмол хэрэглэх, өдөр тутмын тэнцвэртэй хооллолтдоо зөв зохистой оруулах магадлал өндөр байдаг. Нэг л ‘супер хүнс’-ийг хөөцөлдөх хэрэггүй” хэмээн хэлсэн байна.
Гэхдээ нэг чухал зүйл бий. Гадил бол зүрхний эрүүл мэндийг сайжруулах ид шидийн “супер хүнс” биш. Энэ жимс зүрхэнд яг ямар нөлөө үзүүлдэг вэ? Сайн уу, муу юу? Кардиологичид гадил идэх үед зүрхэнд гардаг өөрчлөлтүүдийг тайлбарласан байна.
Гадил зүрхний эрүүл мэндэд тустай юу?
Ерөнхийдөө гадилыг тогтмол хэрэглэх нь зүрхний эрүүл мэндэд сайн сонголт гэж кардиологичид үзжээ. Мэргэшсэн интервенцийн кардиологич, MemorialCare Saddleback Medical Center-ийн Зүрхний бүтцийн өвчний хөтөлбөрийн эмнэлгийн захирал доктор Чэн-Хан Чэнь “Гадил бол зүрхний эрүүл мэндийг дэмжих хамгийн хялбар аргуудын нэг. Үнэ боломжийн, авч явахад хялбар, хэмжээгээрээ ч тохиромжтой учраас өдөр тутмын тэнцвэртэй хооллолтын ухаалаг сонголт юм” гэжээ.
Нэг удаа гадил идлээ гээд зүрхний эрүүл мэндэд шууд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй. Гэхдээ доктор Чэний хэлснээр, эрүүл хооллолтын нэг хэсэг болгон гадилыг тогтмол хэрэглэвэл цусны даралтыг хэвийн байлгах, эрч хүчийг тогтвортой хадгалах, жингээ зохицуулах, хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг дэмжихэд тустай аж.
Үүний зэрэгцээ гадил идсэнээр зарим ашиг тусыг богино хугацаанд мэдэрч болно. Тухайлбал, эрч хүч нэмэгдэж, цадсан мэдрэмж төрөх боломжтой.
TCU-ийн Burnett School of Medicine-ийн дотрын анагаах ухааны тэнхимийн эрхлэгч доктор Моханакришнан Сатиамурти “Гадилд агуулагддаг нүүрс ус болон ус нь цатгалан мэдрэмж төрүүлэхэд тусалдаг. Тиймээс жингээ зохицуулахад дэмжлэг болж чадна” гэж тайлбарлажээ.
Гадилд юу агуулагддаг нь чухал ч юу агуулагддаггүй нь мөн адил чухал. Тухайлбал, нэмэлт сахар, давс, өөх тос байдаггүй. Доктор Ри “Гадилтай зуушны цаг бүр зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй боловсруулсан, эрүүл бус хүнс идэхээс нэг алхам холдож байна гэсэн үг” гэж хэлжээ.
Тэгвэл гадилд юу байдаг вэ?
Доктор Гелүү "Юуны өмнө гадил нь калигаар баялаг. Тиймээс цусны даралтыг бууруулахад тусалж, биед натрийн илүүдэл үүсгэх зарим сөрөг нөлөөг багасгаж чадна" гэж тайлбарлав.
Тэр “Хэт их давс хэрэглэвэл бие илүүдэл усыг хадгалж, улмаар цусны даралт нэмэгддэг. Харин гадилд агуулагдах кали нь бөөрөөр дамжуулан илүүдэл натрийг гадагшлуулахад тусалж, мөн судасны ханын булчинг сулруулснаар цусны эргэлтийн тогтолцооны ачааллыг бууруулж, цусны даралтыг эрүүл түвшинд хадгалахад дэмжлэг үзүүлдэг” гэж хэлжээ.
Мөн гадил нь пектин зэрэг уусдаг эслэг агуулдаг. Энэ нь холестерины түвшинг зохицуулахад тустай байж болох аж.
Доктор Гелүү Parade сэтгүүлд “Уусдаг эслэг нь хоол боловсруулах замд нэг төрлийн хөвөн шиг ажиллаж, холестеринтэй холбогдон, цусанд шимэгдэхээс нь өмнө биеэс гадагшлуулахад тусалдаг. Эслэгийг их хэмжээгээр хэрэглэх нь ‘муу’ LDL холестерины нийт түвшин мэдэгдэхүйц буурахтай холбоотой. Ингэснээр судасны хананд товруу үүсэх нь багасаж, улмаар зүрхний шигдээсийн эрсдэл буурна” гэж ярьжээ.
Түүнчлэн гадил нь С витамин болон допаминтай холбоотой ургамлын гаралтай нэгдлүүд зэрэг антиоксидантаар баялаг.
Доктор Гелүү “Эдгээр антиоксидант нь эсийн гэмтэл болон үрэвслийн эсрэг хамгаалалт болдог. Тэдгээр нь исэлдэлтийн стресс болон архаг үрэвсэлтэй тэмцэж, цусны судасны дотор талын эмзэг бүрхүүлийг зүрхний өвчинд хүргэж болох гэмтлээс хамгаалахад тусалдаг” гэж тайлбарлажээ.
Яагаад зарим эмч гадил идэхгүй байхыг зөвлөдөг вэ?
Доктор Гелүү "Гадил нь ихэнх хүмүүст аюулгүй. Гэхдээ бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүс, мөн бета-хориглогч (beta-blocker), эсвэл ACE дарангуйлагч зэрэг зарим төрлийн зүрхний эм хэрэглэдэг хүмүүст эрсдэл учруулж болзошгүй" гэж анхааруулжээ.
Тэр “Эдгээр эмүүд нь бие махбодид калийг илүү ихээр хадгалахад хүргэдэг. Харин гадил кали ихээр агуулдаг учраас бөөр калийг зохих ёсоор шүүж чадахгүй байгаа, эсвэл эмийн нөлөөгөөр кали хэдийнэ биед хуримтлагдаж буй тохиолдолд цусан дахь калийн хэмжээ аюултай түвшинд хүрч болно. Үүнийг гиперкалиеми гэдэг” гэж тайлбарласан байна.
Цусан дахь калийн хэмжээ хэт ихэсвэл зүрхний цахилгаан дохиоллыг алдагдуулж, зүрхний хэм алдагдал үүсгэх бөгөөд хүнд тохиолдолд зүрх гэнэт зогсоход хүргэж болзошгүй аж. Доктор Гелүү “Хэрэв та дээрх бүлэгт хамаардаг бол өөрт тань өдөрт хэр хэмжээний кали тохиромжтой талаар эмчтэйгээ зөвлөлдөөрэй” гэж зөвлөжээ.
Мөн зүрхний өвчин болон чихрийн шижин зэрэг өвчин хоорондоо хавсрах нь элбэг аж. Доктор Чэнь “Хэт боловсорсон гадил цусан дахь сахарын хэмжээг илүү хурдан нэмэгдүүлж болзошгүй тул чихрийн шижинтэй хүмүүст анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Гэхдээ чихрийн шижинтэй хүмүүс гадилыг бүрэн хориглох шаардлагагүй аж. Доктор Чэнь “Хэрэв та цусан дахь сахарын хэмжээгээ хянаж байгаа бол арай дутуу боловсорсон гадил сонгохыг бодоорой. Учир нь, хэт боловсорсон гадил гликемийн нөлөө өндөр байдаг” гэж зөвлөжээ.
Мөн гадилыг уураг, эсвэл эрүүл өөх тос агуулсан хүнстэй хамт хэрэглэх нь цатгалан байдлыг удаан хадгалж, цусан дахь сахарын огцом өсөлтөөс сэргийлэхэд тусална. Жишээлбэл, цөөн хэдэн самар, эсвэл нэг халбага газрын самрын тостой хослуулж болох нь.
Зүрхний өвчтэй хүн өдөр бүр гадил идэж болох уу?
Мэргэжилтнүүд өдөрт 1-2 ширхэг гадил зүрхэнд ээлтэй хооллолтын нэг хэсэг байж болно гэж зөвлөжээ. Гэхдээ чихрийн шижинтэй, бөөрний өвчтэй хүмүүс болон ACE дарангуйлагч, бета-хориглогч зэрэг эм хэрэглэдэг хүмүүс болгоомжтой байх хэрэгтэйг анхааруулсан байна.
Доктор Гелүү “Хамгийн гол зорилго нь зөвхөн гадилаас бус, төрөл бүрийн хүнснээс өдөрт шаардлагатай кали болон эслэг авах явдал юм” гэж онцолжээ.
Америкийн Зүрхний Нийгэмлэг зүрхний эрүүл мэндийг дэмжихийн тулд хүнсээр дамжуулан өдөрт 3,500-5,000 мг кали авахыг зөвлөдөг байна. Харин нэг дунд хэмжээний гадил ойролцоогоор 450 мг кали агуулдаг. Тиймээс гадил нь калийн хэрэгцээг хангахад тодорхой хувь нэмэр оруулдаг ч бүх асуудлыг шийдэх ганц хүнс биш юм.
Хооллолтын олон янз байдал маш чухал. Тиймээс доктор Гелүү гадилыг цорын ганц “супер хүнс” гэж үзэхийн оронд бусад жимс, хүнсний ногоо, шош, бүхэл үрийн бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэхийг зөвлөжээ.
Доктор Ри ч мөн адил байр суурьтай байна. Тэр “Хэрэв та амьдралын хэв маягтаа томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж буй бол эмчтэйгээ зөвлөлдөхийг би зөвлөсөөр байх болно. Учир нь, хүн бүрийн биеийн байдал, эмчилгээ өөр. Гэхдээ бөөрний үйл ажиллагаа хэвийн бол гадил идэж болно” гэжээ.
Эх сурвалж: PARADE