Бүгд Найрамдах Сингапур Улсад энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “FIBA 3x3 Women’s Series Singapore 2026” олон улсын тэмцээнд Монгол Улсын “Улаанбаатар Амазонс” баг амжилттай оролцож, 16 багаас гуравдугаар байр эзлэн, хүрэл медалийн эзэд боллоо.

Дэлхийн шилдэг эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн багууд өрсөлдсөн тус тэмцээнд Монголын баг чансаагаараа тэргүүлэн оролцож, тоглолт бүрд өндөр ур чадвар, хурд, тактикийн зөв шийдэл, багийн нэгдмэл байдлыг харуулж, өрсөлдөгчдөө хүчтэй сорив.

Ийнхүү “Улаанбаатар Амазонс” баг олон улсын тавцанд Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн хөгжлийн түвшин, тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужил, өрсөлдөх чадварыг дахин батлан харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Энэхүү амжилт нь Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн тамирчдын хувьд олон улсын тэмцээний туршлага, чансаагаа ахиулахад чухал алхам болж, цаашдын тэмцээн, олон улсын тавцанд гаргах амжилтын нэгэн шинэ хуудас болж байна.

“Улаанбаатар Амазонс” багийн тамирчдад халуун баяр хүргэж, цаашдын тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!