Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны “Их Эе” хурал удахгүй болж, байгууллагын удирдлагын бүтэц шинэчлэгдэх гэж байна. Энэ үйл явцтай зэрэгцэн бөхийн хүрээ болон олон нийтийн дунд шинэ тэргүүний талаар хэлэлцүүлэг өрнөсөөр буй юм.

Энэ удаагийн удирдлагын сонголтод Монголын үндэсний бөхийн нэр хүндтэй төлөөлөл болох Улсын аварга, гавьяат тамирчин Чимэдрэгзэнгийн Санжаадамбын нэрийг дэвшүүлж, холбооны шинэ тэргүүнээр ажиллуулах боломжийн талаар яригдаж буй тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Бөхийн спорт дахь амжилт, байр суурь

Аварга Ч.Санжаадамба Монгол бөхийн дэвжээнд олон жилийн турш тогтвортой амжилт үзүүлж ирсэн, улсын наадмын түрүү хүртэл барилдаж байсан шилдэг бөхчүүдийн нэг юм. Тэрбээр бяр хүч, уран барилдаан, барилдааны ухаанаараа бөхийн хорхойтнуудын дунд өндрөөр үнэлэгддэг.

Санжаа аварга Монгол бөхийн уламжлалт ёс, дэг жаягийг дээдэлдэг, залуу бөхчүүдэд үлгэр дуурайл үзүүлдэг тамирчдын нэг гэж билээ.

Холбооны шинэчлэл ба хүлээлт

Бөхийн холбооны шинэ удирдлага бүрэлдэх үйл явцтай холбоотойгоор олон нийт болон бөхийн хүрээнийхэн холбооны үйл ажиллагааг илүү ил тод, шударга болгох шаардлагатайг онцолж байна. Тухайлбал:

-барилдааны шударга байдлыг хангах

-допингийн эсрэг хяналтыг чангатгах

-маргаан, будилааныг бууруулах

-залуу бөхчүүдийг дэмжих бодлого зэрэг асуудлыг шинэ удирдлага шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа юм.

Ч.Санжаадамба аваргыг холбооны тэргүүнээр дэмжигчид түүнийг шударга спортын зарчмыг хэрэгжүүлж, хамгаалж ажиллах боломжтой хүн гэж үзэж байгаа билээ.

Санжаа аваргын үзэл бодол

Нэгэнтээ Ч.Санжаадамба аварга “Бөх хүн ямар байх ёстой вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Барилдааны үед хурц, эрэмгий байх ёстой. Сүүлийн үед бөх сонирхогчид маань, үзэгчид маань бөхчүүдийг арай л хэтэрхий өөр болгох гээд байх шиг. Ер нь бөх бол тулааны спорт. Гэхдээ бөх барилдана гэдэг зөв тулалдах байхгүй юу. Зөв тулалдана гэдэг зодоон цохион хийх биш.

Барилдана гэдэг барьц авах, барьцнаас нэгийгээ давах, ялах юм байгаа юм л даа. Өрсөлдөгчөө ялахын тулд хүн сэтгэл зүйгээ өндөр байлгаж, өөрийгөө хурцалсан, ирлэсэн байх ёстой.

Сүүлийн үед залуусын тэр илрэл нь жаахан буруу яваад байгаа юм уу? Нэг л тиймэрхүү байгаад байна. Үзэгчид маань ч гэсэн нэг л сонин болчихоо юу даа. Уг нь Сумъяабазар аваргынх шиг, Сүхбат аваргынх шиг тийм уран хурц дайчин, эрэмгий барилдаан үзэх гэж үзэгчид бөхийн өргөөнд цугладаг биз дээ? Гэтэл тийм барилдаан нь сүүлийн үед цөөрөөд байх шиг

Сайхан барилдаж чадаж байгаа бол сайхан л эрэмгий байх хэрэгтэй. Ард түмэн бидний тэр сайхан барилдааныг л үзэх гэж цаг зав, хөрөнгө мөнгөө үрж ирж байгаа биз дээ. Бид тэр хүсэл зорилгод нийцүүлж сайхан барилдаан үзүүлэх ёстой.

Сүүлийн үед манай том цолтой бөхчүүд сайхан, сайхан барилдаан их үзүүлдэг болсон шдээ. Гоё гоё мэх хийж барилдаж байна. Манай Пүрэвдагва арслан гэхэд сайхан өмсөж байна. Том цолтой бөхчүүд маань ингээд янз бүрийн мэх хийгээд сайхан барилдаад байх юм бол залуучууд маань дуурайгаад, барилдааны өнгө төрх өөрчлөгдөнө гэж боддог.

Нэг хэсэг монгол бөх маань жаахан унтамхай байдалд орсон шүү дээ. Дандаа л барьц сонгодог. Би тэрэнтэй эвлэрэх дургүй. Хоёр нөхрийг барьц сонгохыг харах гэж хамаг цаг заваа барж суух гэж үзэгчид ирээгүй нь ойлгомжтой. Тэд чинь гоё барилдаан үзэж, гоё кайф авах гэж л ирж байгаа. Тэр мэдрэмжийг л барилдаан бүрт мэдрүүлвэл гоё байх гэж боддог юм” хэмээн хариулж байв.

Харин допингийн тухайд “Үнэнийг хэлэхэд допингийн эсрэг ганц хоёрхон бөх тэмцээд, үр дүнд хүрэхгүй байна. Харин МҮОХ, МҮБХ бөхчүүдтэйгээ хамтраад тэмцвэл илүү үр дүнтэй. Допингийн хор хөнөөлийг таниулж, соён гэгээрүүлэх ажил дутагдалтай санагддаг.

Допинг хэрэглээд цол авч болдог юм байна гэсэн ойлголт залуусын дунд бий болчихсон. Энэ бол хамгийн буруу хандлага юм. Хэрэв том цолтой бөхчүүд нь допинг хэрэглэлгүй амжилт гаргаж болдгийг харуулбал дүү нар хэрэглэхгүй” гэж хэлсэн нь бий.

Допингийн эсрэг бодлогын хүлээлт

Монголын уламжлалт үндэсний бөхөд сүүлийн жилүүдэд допингийн асуудал маргаан дагуулсаар ирсэн. Тиймээс шинэ удирдлага энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хамгийн чухал сэдвүүдийн нэг болоод байгаа юм.

Иймд олон нийт бөхийн холбооны шинэ тэргүүнээс

-хяналтын тогтолцоог сайжруулах

-хариуцлагын тогтолцоог тодорхой болгох

-шударга өрсөлдөөнийг хамгаалах зэрэг бодит өөрчлөлтүүдийг хүлээж байна.

Э.ЦЭЦЭН