Иран улс АНУ-ыг ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг шаардаж, харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тегераныг “муу ёрын улс” хэмээн тодорхойлон, америкчуудыг шатахууны үнэ өндөр хэвээр үргэлжлэхэд бэлэн байхыг уриалжээ.

Эдгээр мэдэгдэл нь АНУ, Ираны хоорондох зөрчилдөөн намжаагүй, харин ч хоёр талын байр суурь улам хол байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ энхийн хэлэлцээг сэргээх оролдлого зогсонги байдалд орж, дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн хамгийн чухал замуудын нэг болох Ормузын хоолойгоор танкерууд нэвтрэх хөдөлгөөн эрс буурсан байна.

Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади бямба гаргийн өглөө X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ Ормузын хоолойг “зөвхөн Иран улс өөрөө шийдэж нээж, хаана” гэж мэдэгдсэн. Тэрбээр АНУ-ыг “ялагдлын бодит байдлыг хүлээн зөвшөөрч, хий хоосон төсөөллөөсөө татгалзах”-ыг шаардсан байна.

Мөн “Ормузын хоолойг ганц жиргээ, нисэх онгоц тээгч хөлөг, тушаал, эсвэл сонгуулийн илтгэлээр эзлэх боломжгүй” хэмээн мэдэгджээ.

Дэлхийн газрын тосны тавны нэг нь дамждаг

Ормузын хоолой дэлхийн эрчим хүчний худалдаанд стратегийн чухал ач холбогдолтой. АНУ болон Израиль Ирантай дайн эхлүүлэхээс өмнө дэлхийн газрын тосны экспортын ойролцоогоор тавны нэг нь тус хоолойгоор дамжин өнгөрдөг байсан бол одоо тээврийн хөдөлгөөн эрс багассан байна.

Reuters-ийн мэдээлснээр, баасан гарагт Ормузын хоолойгоор ердөө цөөн тооны хөлөг онгоц нэвтэрч, түүхий нефть тээвэрлэсэн хөлөг онгоц бүртгэгдээгүй байна. Дайнаас өмнө өдөрт 130 гаруй хөлөг тус хоолойгоор зорчдог байжээ.

Ираны зөвшөөрөлгүйгээр хоолойгоор нэвтрэхийг оролдсон хөлөг онгоцууд пуужин болон дроны халдлагад өртөх эрсдэлтэй. Арабын Нэгдсэн Эмират улсын төрийн өмчит газрын тосны компани ADNOC-ийн мэдээлснээр, тус компанийн хоёр хөлөг пүрэв гаргийн орой Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх үедээ халдлагад өртжээ. Мөн баасан гарагт өөр нэг хөлөг халдлагад өртсөн талаар мэдээлсэн байна.

Трамп: Шатахууны үнэ бага зэрэг өсөхийг тэвчих хэрэгтэй

Ормузын хоолойн нөхцөл байдал АНУ-ын дотоодын шатахууны үнэд ч нөлөөлж байгаа ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Нью-Йорк мужийн Гарден-Сити хотод болсон улс төрийн арга хэмжээний үеэр америкчуудыг шатахууны үнэ “бага зэрэг өндөр” байхыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Тэрбээр шатахуунд “жаахан илүү мөнгө төлөх” нь Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн төлөөх үнэ цэнтэй зүйл хэмээн тайлбарласан байна.

АНУ-д шатахууны үнэ ч мэдэгдэхүйц өсжээ. Америкийн Автомашины холбооны мэдээллээр, баасан гаргийн байдлаар нэг галлон шатахууны дундаж үнэ 4.08 ам.доллар болсон нь жилийн өмнөх 3.16 ам.доллароос 29 орчим хувиар өссөн үзүүлэлт аж.

Энэ нь эрчим хүчний үнийг бууруулах тухай Трампын өмнөх сонгуулийн амлалттай зөрчилдөж, шатахууны үнийн өсөлт ирэх арваннэгдүгээр сарын завсрын сонгуульд улс төрийн маргааны нэг гол сэдэв болж болзошгүй юм байна.

Энхийн хэлэлцээ дахин эхлэх эсэх тодорхойгүй байна

АНУ, Ираны хооронд дайныг зогсоох асуудлаарх өмнөх түр тохиролцоо нуран унаснаас хойш энхийн хэлэлцээг дахин эхлүүлэх тодорхой шинж харагдахгүй байгаа аж.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи "АНУ-тай хэлэлцээг сэргээх талаар одоогийн байдлаар ямар нэг шийдвэр гараагүй" гэж мэдэгджээ. Катар болон Пакистан зуучлагчийн хувиар Ирантай холбоо тогтоож, талуудын хооронд мэдээлэл дамжуулж байгаа ч энэ нь албан ёсны хэлэлцээ гэсэн үг биш гэж Ираны хэвлэл мэдээлсэн байна.

Иран болон АНУ-ын хоорондын мөргөлдөөн эдийн засгийн дарамтыг хоёр талд нэмэгдүүлсээр байгаа аж. Ормузын хоолойн тээвэр бараг зогссонтой холбоотойгоор баасан гарагт газрын тосны үнэ дахин өсөж, Brent маркийн нефтийн үнэ долоо хоногийн хугацаанд 6 хувь, WTI 5.4 хувиар өсөх төлөвтэй байжээ.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан инфляц өндөр байгааг АНУ-ын хориг арга хэмжээ болон Ираны боомтуудад тавьсан бүслэлттэй холбон тайлбарласан бол Вашингтон Тегеранд үзүүлэх санхүүгийн дарамтаа цаашид нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Ираны дэмжлэгтэй Йемений Хусит бүлэглэл Улаан тэнгисийн бүсэд пуужин харвасан нь мөргөлдөөн бүс нутаг даяар өргөжих эрсдэлийг дахин нэмэгдүүлжээ.

Ормузын хоолойн тээврийн хөдөлгөөн хязгаарлагдаж, газрын тосны үнэ өсөж, энхийн хэлэлцээ тодорхойгүй хэвээр байгаа нь Иран-АНУ-ын мөргөлдөөн зөвхөн хоёр улсын харилцаанд бус дэлхийн эрчим хүчний зах зээл болон хэрэглэгчдийн шатахууны үнэд шууд нөлөөлж эхэлснийг харуулж байна.

Эх сурвалж: REUTERS