Ходоод өвдөх бүрд эм уухын оронд шалтгааныг нь тогтоох хэрэгтэй

Хоолны буруу хэрэглээ, нойр дутуу, стресс, өвчин намдаах эмийн замбараагүй хэрэглээ, хеликобактер (Helicobacter pylori)-ийн халдвар зэрэг олон хүчин зүйл ходоод, хоол боловсруулах замын өвчлөлтэй холбоотой байдаг. Гэвч ходоод өвдсөн хүн бүрт ижил шалтгаан байдаггүй бөгөөд энгийн зовиурын цаана үрэвсэл, шарх, сөөргөө, тэр ч бүү хэл яаралтай тусламж шаардсан хүндрэл нуугдаж болох юм.

Иймд “ходоод өвдлөө” гээд өөрийн дураар эм, халуун ус ууж өвдөлтөө дарах бус, зовиур давтагддаг бол шалтгааныг нь мэргэжлийн эмчид үзүүлж тогтоолгох нь хамгийн зөв алхам. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны хамгийн түгээмэл шалтгаанд хеликобактерийн халдвар болон ибупрофен, аспирин, напроксен зэрэг стероид бус үрэвслийн эсрэг эмийн хэрэглээ ордог байна.

Хоол хүнс ходоодонд хэрхэн нөлөөлдөг вэ?

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн эмч Н.Одонтунгалагийн ярилцлагад дурдсанаар, ходоодны хурц болон архаг үрэвсэл, ходоод болон 12 хуруу гэдэсний шархлаа зэрэг өвчин олон шалтгаантай, хоол хүнсний хэрэглээ, амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.

Ходоодны шархлааг зөвхөн “буруу хооллолтоос” үүсдэг гэж ойлгож болохгүй. Шархлааны хамгийн түгээмэл шалтгаан нь хеликобактерийн халдвар болон NSAID бүлгийн өвчин намдаах эмүүд юм. Харин хоол хүнс, архи, тамхи, амьдралын хэв маяг нь ходоодны зовиурыг сэдрээх, зарим өвчний явцыг хүндрүүлэхэд нөлөөлж болох аж.

Иймд өдөр тутамдаа хэт тослог, хэт их хэмжээний хоолыг давтамжтай хэрэглэхээс зайлсхийж, хоолоо тогтмол цагт, тохирсон хэмжээгээр идэх нь зүйтэй. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалах, хадгалалтын хугацаа болон шошгыг шалгах, гар болон аяга тавагны ариун цэврийг сахих нь хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэхэд чухал ажээ.

Хеликобактерийн халдварыг дур мэдэн эмчилж болохгүй

Хеликобактер нь ходоодны үрэвсэл болон шархлааны чухал шалтгаануудын нэг. Халдвар нь хүн хоорондын хавьтал, бохирдсон шүлс, бөөлжис, өтгөнөөр бохирдсон орчин болон хүнс, усаар дамжих боломжтой. Харин хамгийн түгээмэл гаргадаг алдаа нь шинжилгээний хариуг зөв тайлбарлалгүйгээр антибиотикийг өөрөө эхлүүлж уух явдал аж.

Хеликобактерийн халдварыг эмчлэхдээ ихэвчлэн хэд хэдэн эмийг хослуулж, өмнө нь хэрэглэсэн антибиотик, тухайн хүний эрүүл мэндийн байдал зэрэг олон хүчин зүйлийг эмч харгалзан үздэг байна. Эмчилгээг дутуу хийх нь нян эмэнд тэсвэртэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Мөн цусны шинжилгээнд хеликобактерийн эсрэг биет илэрсэн нь заавал тухайн үед идэвхтэй халдвартай гэсэн үг биш. Идэвхтэй халдварыг тогтооход өтгөний шинжилгээ болон амьсгалын сорил зэрэг шинжилгээг ашиглаж болох бол зарим тохиолдолд ходоодны дурангийн үед шинжилгээ хийдэг.

Иймээс “хеликобактер илэрсэн байна” гээд эмийн сангаас антибиотик авч шууд хэрэглэх нь зөв арга биш. Шинжилгээний хариугаа эмчид үзүүлж, шаардлагатай оношилгоог хийлгэсний дараа эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй.

Өвчин намдаах эм ходоодыг гэмтээх нь бий 

Толгой, үе мөч, булчин болон бусад өвдөлтийн үед хүмүүс ибупрофен, аспирин, напроксен зэрэг эмийг эмчийн зөвлөгөөгүйгээр ойр ойрхон хэрэглэх тохиолдол байдаг.

Гэтэл эдгээр нь ходоодны салстын хамгаалалтыг сулруулж, шархлаа болон хоол боловсруулах замын цус алдалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа өндөр тунгаар, удаан хугацаагаар эсвэл хэд хэдэн төрлийн ийм эмийг хавсарч хэрэглэхэд эрсдэл нэмэгддэг байна.

Иймд ходоодны өвчтэй хүн өвчин намдаах эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх, тогтмол эм хэрэглэдэг бол эмч, эм зүйчдээ бүх эмийнхээ талаар мэдээлэх нь чухал ажээ.

Стресс ходоодны зовиурыг сэдрээж болно

Нойр дутуу байх, ажлын хэт ачаалал, сэтгэл санааны дарамт зэрэг нь хоол боловсруулах замын зовиурыг нэмэгдүүлж болно. Тиймээс ходоод байнга өвддөг хүн зөвхөн хооллолтдоо бус нойр, амралт, хөдөлгөөн, стрессийн түвшин зэрэг амьдралын хэв маягтаа анхаарах хэрэгтэй.

Гэхдээ ходоод өвдөж байгааг бүхэлд нь “стрессээс болсон” гэж үзэж болохгүй. Зовиур давтагдаж, удаан үргэлжилж байгаа бол органик өвчнийг үгүйсгэхийн тулд эмчид үзүүлэх шаардлагатай.

Хэт халуун цай, хоолноос татгалзах хэрэгтэй

Монголчууд халуун цай, халуун шөл, шинэхэн буцалсан хоолыг шууд хэрэглэх нь элбэг. Харин ам түлэхээр халуун хоол, ундаа хэрэглэх нь улаан хоолойн салстыг цочроож, гэмтээх эрсдэлтэй.

Иймээс цай, хоолыг ууж, идэхийн өмнө бага зэрэг хөргөж, биеийн таатай температуртайг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа улаан хоолой орчимд өвдөх, залгихад хөндүүрлэх, цээж хорсох зэрэг зовиур байнга илэрдэг бол эмчид хандах хэрэгтэй.

Ходоод өвдсөн үед хамгийн түрүүнд юу хийх вэ?

Ходоод гэнэт өвдөхөд хүмүүс янз бүрийн “гэрийн арга” хэрэглэдэг. Халуун ус уух, мөстэй хүйтэн ус уух, содатай ус хэрэглэх, өвчин намдаах эм уух зэргээр өөрийгөө эмчлэх нь түгээмэл. Гэвч өвдөлтийн шалтгааныг мэдэхгүй үед ямар нэгэн аргаар хүчээр дарах нь зөв биш.

Ходоодны өвдөлт нь үрэвсэл, шархлаа, сөөргөө, цөсний болон нойр булчирхайн өвчин зэрэг олон шалтгаантай байж болно. Зарим тохиолдолд ходоодны шархнаас цус алдах, цоорох зэрэг ноцтой хүндрэл үүсч болдог.

Тиймээс өвдөлт давтагддаг, удаан үргэлжилдэг, эсвэл хүчтэй байгаа бол эмчид үзүүлж, шаардлагатай тохиолдолд ходоодны дуран болон бусад шинжилгээг хийлгэх нь зөв.

Дараах шинж илэрвэл шууд эмнэлгийн тусламж авах хэрэгтэй

Ходоод өвдөхтэй зэрэгцэн хар, давирхай шиг өтгөн гарах, цустай, эсвэл кофены шаар шиг зүйлээр бөөлжих, гэнэт маш хүчтэй хэвлийгээр өвдөх, толгой эргэх, ухаан балартах, маш их сульдах, амьсгал давчдах зэрэг шинж илэрвэл гэртээ хүлээх хэрэггүй.

Эдгээр нь хоол боловсруулах замын цус алдалт болон бусад ноцтой хүндрэлтэй холбоотой байж болох тул яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Ходоодоо эрүүл байлгахын тулд өдөр тутамдаа юуг анхаарах вэ?

Ходоодны өвчнөөс сэргийлэхэд хамгийн чухал зүйл бол нэг удаагийн “эмчилгээ” бус өдөр тутмын дадал юм. Хоолоо хэт ихээр нэг дор идэхээс зайлсхийж, өөрт тохирсон тогтмол хооллолтын дэглэмтэй байх, хэт халуун хоол, ундааг хөргөж хэрэглэх, архи болон тамхины хэрэглээг хязгаарлах, өвчин намдаах эмийг дур мэдэн удаан хугацаагаар хэрэглэхгүй байх нь чухал.

Мөн хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, хадгалах нөхцөл, шошго, найрлагыг шалгаж хэвших хэрэгтэй. Хүнсийг зохих температурт хадгалах, гараа тогтмол угаах, аяга таваг болон гал тогооны хэрэгслийн ариун цэврийг сахих нь халдвараас хамгаалах энгийн боловч үр дүнтэй арга юм.