Монгол Улсын харцага Ө.Батсуурийн улсын цолны мялаалга наадам болж, улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд зодоглон хүч бяраа сорилоо.

Тус барилдаанд улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар уран мэх, бяр хүчээ хослуулан барилдаж, түрүүлэн наадмын манлай бөхөөр тодров. Харин улсын харцага Э.Мөнхжаргал үзүүрлэж, наадмын дэвжээнд амжилттай барилдлаа.

Б.Зоригтбаатар сүүлийн жилүүдэд улсын баяр наадам болон томоохон барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж буй бөхчүүдийн нэг билээ. Тэрбээр Архангай аймгийн бөхчүүдийн бүрэлдэхүүнд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын заан С.Сүхбат зэрэг хүчтэнүүдийн хамт барилдаж ирсэн бөгөөд 2024 онд Архангай аймгийн баг “Алтан цом”-ын төлөөх тэмцээнд амжилттай оролцож байв.

Э.Мөнхжаргалын хувьд залуу бөхчүүдийн дундаас хүч түрэн гарч ирж, улсын цолонд хүрсэн бөх юм. Түүний барилдааныг бөх сонирхогчид хурд, дайчин байдал, мэхний сонголтоор нь онцолдог. Тэрбээр Б.Зоригтбаатартай нэг дэвжээнд барилдаж, бэлтгэл сургуулилалтаа хамт базааж ирсэн билээ.