Аврагчид газар хөдлөлтийн голомтод одоогийн байдлаар хүрч чадаагүй байна
Колумбын баруун хэсэгт даваа гарагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 200 гаруй хүн амиа алджээ. Албаныхны мэдээлэлд үндэслэсэн CNN-ийн тооцоолсноор хохирогчдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Газар хөдлөлтийн дараа аврагчид нуранги дор дарагдсан хүмүүсийг эрэн хайж, амьд үлдсэн иргэдийг аврахын төлөө цаг хугацаатай уралдан ажиллаж буй юм байна.
Колумбын Засгийн газар гамшгийн нөхцөл байдлыг харгалзан улсын хэмжээнд онцгой байдал зарласан бөгөөд дэлхийн улс орнуудын удирдагчид тусламж үзүүлэхээ илэрхийлжээ.
Газар хөдлөлтийн голомтод тусламж хүрэхэд хүндрэлтэй байна

Газар хөдлөлтийн голомтын ойролцоо амьдардаг уугуул иргэдийн нэгэн төлөөлөгч одоо хүртэл ямар нэгэн тусламж авч чадаагүй байгаагаа мэдэгджээ.
НҮБ-ын өндөр албан тушаалтан мөн ойрын өдрүүдэд гамшигт нэрвэгдсэн иргэдэд хүнсний тусламж шуурхай хүргэх нэн чухал болохыг анхааруулсан байна.
Аврах ажиллагаанд зам, дэд бүтэц эвдэрсэн болон газар хөдлөлтийн голомтод хүрэхэд хүндрэлтэй байгаа нь томоохон бэрхшээл болж байгаа аж.
Гамшгаас амьд үлдсэн иргэд газар хөдлөлтийн үеэр тохиолдсон аймшигт мөчүүдийнхээ талаар ярьж, байшин барилга хэрхэн нурж, хүмүүс хэрхэн нурангид дарагдсан талаар өгүүлжээ.
Аврагчид нуранги дороос иргэдийг гаргаж байна
Перейра хотод CNN-ийн сурвалжлагчид аврагчид болон сайн дурын ажилтнууд хүний гинжин хэлхээ үүсгэн, нуранги дор гацсан хүмүүсийг гаргахад хамтран ажиллаж буйг ажиглажээ.
Кали хотод мөн нуранги дороос нярай хүүхдийг эсэн мэнд гарган авсан сэтгэл хөдөлгөм мөч бичлэгт үлдсэн байна.
Газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд аврагчид нуранги бүрийн дор амьд үлдсэн хүн байгаа эсэхийг шалгаж байгаа аж.
Хотын даргын зургаан настай хүү газар хөдлөлтийн үеэр амиа алджээ

Газар хөдлөлтийн голомтын ойролцоох далайн эргийн хотын захирагчийн зургаан настай хүү гамшгийн үеэр амиа алдсан хүмүүсийн дунд байжээ. Тодруулбал, Бахиа Солано хотын захирагч Жайрсон Леонел Валенсиагийн зургаан настай хүү Матео Валенсиа гэр нь нурах үед амиа алдсан байна.
Хотын захиргаанаас “Матеогийн нас барсан явдал манай байгууллага болон Бахиа Солано хотын нийт иргэдийн сэтгэлийг гүнээ эмзэглүүлж байна” хэмээн мэдэгджээ.
Даваа гаргийн орой олон арван хүн лаа асаасан гашуудлын цуглаанд оролцож, бяцхан хүүгийн дурсгалыг хүндэтгэн, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн байна.

Чоко мужийн захирагч Нубиа Каролина Кордоба-Кури “Энэ хүнд хэцүү цаг үед бид захирагч болон түүний бүх гэр бүлийнхний зовлонг чин сэтгэлээсээ хуваалцаж байна” гэжээ.
Тус мужийн захирагч асан, Колумбын Гадаад хэргийн сайд асан Луис Хилберто Мурильо мөн эмгэнэл илэрхийлж “Ийм их уй гашуу, зовлонгийн энэ мөчид бид Бурханд залбирч, захирагч, түүний гэр бүл болон нийт ард иргэдэд энэхүү нөхөж баршгүй гарз хохирлыг даван туулах хүч, тайтгарал, амар амгаланг хайрлахыг хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Шинэ ерөнхийлөгчийн хувьд томоохон сорилт болж байна

Энэхүү хүчтэй газар хөдлөлт Колумбын шинэ Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья албан тушаалаа авснаас хойш удаагүй байхад тохиолдож, гамшгийн үеийн хямралыг хэрхэн удирдах чадварыг нь шалгах томоохон сорилт болж байгаа аж.
Тус улсын баруун хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон тооны хүн амиа алдаж, барилга байгууламж нурж, олон хүн орон гэргүй болсон тул эрэн хайх, аврах болон хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаа үргэлжилж буй юм байна.


Эх сурвалж: CNN