Өнөө үед BLACKPINK, эсвэл BTS зэрэг К-поп хамтлагийн тоглолтод очвол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон янзын үзэгчид цугларч, дуунууд нь ихэвчлэн солонгос хэл дээр байсан ч хамт дуулж буйг харах боломжтой. Энэ нь Өмнөд Солонгос “Халлю” буюу “Солонгосын давлагаа” хэмээн нэрлэгддэг соёлыг дэлхийд түгээж, эдийн засгаа шинэ шатанд гаргах бодлогын тод илэрхийлэл юм.
Гэвч өнөөдөр К-соёлыг асар ихээр сонирхож байгаа ч шинээр татагдсан олон шүтэн бишрэгчийн бүрэн мэдэрч амжаагүй нэг салбар нь К-бьюти ажээ.
К-бьюти ба хязгаарлагдмал төлөөлөл
Өмнөд Солонгосын хамгийн том соёлын экспортын нэг болох К-бьюти зарим талаар олон төрлийн хэрэглэгчдэд хүрч чадахгүй байсан үе бий. Солонгос гоо сайхны брэндүүдийн өнгөлөгч, суурь крем зэрэг бүтээгдэхүүний өнгийн сонголт түүхэн хувьд ихэвчлэн цайвар болон дунд арьсны өнгөнд төвлөрч байв.
Мөн сурталчилгаа нь ихэвчлэн туранхай, залуу, маш цайвар арьстай загвар өмсөгчдөөр хязгаарлагдаж ирсэн нь өнөөгийн дэлхийн гоо сайхны салбарын хөгжлөөс хоцрогдсон хандлага гэж хэлж болохоор.
К-попын эсрэг тал дахь сонирхолтой зөрчил

Энэ нь К-попын оддын бий болгож буй нээлттэй, хэвшмэл ойлголтыг эвдсэн соёлтой харьцуулахад зөрчилтэй харагддаг.
"Stray Kids" зэрэг хамтлагийн өнгөлөг, өвөрмөц үс засалт, G-Dragon болон Seonghwa зэрэг уран бүтээлчдийн жендерийн хил хязгаарыг давсан хувцаслалт нь эрэгтэй дүр төрхийн уламжлалт ойлголтыг эвдсээр ирсэн.
Тэд банзал, корсет, өсгийтэй гутал зэрэг улам эмэгтэйлэг гэж үздэг хувцсыг чөлөөтэй өмсөж, нүүр будалт, арьс арчилгааг өдөр тутмын хэв маягтаа шингээдэг. Жишээлбэл, BTS-ийн гишүүн V болон Jungkook нар гоо сайхны брэндүүдийн нүүр царай болж байсан нь үүний нэг илрэл юм.
Нийгмийн бодит байдал ба зөрчил
Гэвч Өмнөд Солонгосын нийгмийн хэмжээнд олон янз байдал, хүртээмжийн асуудал удаашралтай байгаа аж.
Тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 2025 оны судалгаагаар, судалгаанд оролцсон хүмүүсийн 38 хувиас илүү нь “соёлын олон янз байдал” гэж юу болохыг сайн ойлгодоггүй гэж хариулсан бол 54 хувь нь хэвлэл мэдээллээс тодорхой бүлгүүдийн талаарх хэвшмэл ойлголт авсан гэжээ.
Дэлхий даяарх тархалт ба К-бьюти
Өмнөд Солонгосын нийгэм аажмаар илүү олон үндэстэн, олон соёлтой болж байна. Гадаад хүмүүстэй гэрлэх, олон улсын хөдөлмөрийн зах зээл нэмэгдсэнээр гадаадад төрсөн хүн ам өсөж, 5 хувьд дөхсөн байна.
BTS зэрэг хамтлагуудын дэлхийн фенүүд аялал жуулчлалыг ч нэмэгдүүлж буй аж. Жишээлбэл, тэдний дэлхийн аялан тоглолт олон тэрбумын эдийн засгийн үр нөлөө үзүүлнэ гэж тооцдог.
К-бьюти нь дэлхийд өргөн тархах тусам соёлын нөлөө улам гүнзгий болж буй. Hye Jin Lee-ийн хэлснээр, К-поп ба К-драма нь “Ази хүмүүсийн арьс удаан хөгширдөг” гэх соёлын ойлголтыг хүртэл бэхжүүлдэг.
Дэлхийд өсөн тэлж буй зах зээл
Sephora зэрэг томоохон сүлжээнүүд К-бьюти бүтээгдэхүүнийг өргөнөөр борлуулах болжээ. 2024 онд Өмнөд Солонгос АНУ руу хийсэн гоо сайхны экспортын хэмжээгээр Францыг давсан байна. Мөн Европ, АНУ-д К-бьюти дэлгүүрүүд, концепт дэлгүүрүүд ч нэмэгдэж байгаа аж.
Хүртээмжийн шинэ шаардлага
Гэвч дэлхийд тархахын хэрээр К-бьюти илүү өргөн хэрэглэгчдэд, тэр дундаа бараан арьсны өнгөтэй хэрэглэгчдэд чиглэсэн өөрчлөлт хийх шаардлагатай болжээ. K+Brown-ийг үүсгэн байгуулагч Алфер хэлэхдээ “К-попын тоглолтууд дээр би маш олон янзын хүмүүсийг хардаг. Бараан арьстай охид, хижаб өмссөн бүсгүйчүүд, латин, афро-америк залуус гээд. Гэвч К-бьютид энэ төлөөлөл тэр бүр тусгагддаггүй” гэжээ.
Шинэ үеийн К-бьюти
Зарим брэндүүд өөрчлөгдөж эхэлжээ. Жишээлбэл, TirTir эхэндээ цөөн өнгийн суурь кремтэй байсан ч дэлхийн зах зээлд гарахдаа хэрэглэгчдийн шаардлагаар 40 хүртэл өнгө гаргасан байна. Мөн Beauty of Joseon зэрэг брэндүүд бараан арьстай хэрэглэгчдэд тохирсон нарны тос, арьс арчилгааны бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд амжилттай нэвтэрч байгаа аж.
Mintel-ийн шинжээч Эндрю МакДугалл хэлэхдээ “К-бьюти нь дэлхийд нөлөө бүхий гол урсгал болсон. Гэвч Солонгосоос гадуур зах зээлд олон янз байдал, төлөөллийн шаардлага илүү өндөр. Хэрэв К-бьюти энэ шаардлагад дасан зохицвол түүний өсөлт улам нэмэгдэнэ” гэжээ.
Алферийн хувьд хүртээмжтэй брэнд бүтээх нь зүгээр нэг сонголт биш, зайлшгүй шаардлага аж. Тэр “Бид К-бьютигийн ‘Katseye’ шиг брэндийг бүтээхийг хүсэж байна. Бүх хүнд нэгэн зэрэг ханддаг, бүх төрлийн арьсны өнгө, гарал угсааг төлөөлж чаддаг брэнд” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN