The Silk Road Caravan олон улсын санаачилгын албан ёсны нээлт Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо ёслол төгөлдөр болж, Торгоны замын соёл, нүүдлийн өвийг дэлхийд сурталчлах их аялал ийнхүү эхэллээ.

🌿 Энэхүү санаачилга нь Торгоны зам дагуух бэлчээрийн эко систем, нүүдлийн мал аж ахуй, уугуул иргэдийн өв соёл, уламжлалт амьдралын хэв маягийг олон улсад таниулах зорилготой юм.

🌍 “Торгоны замын жингийн цуваа” аялал нь COP16 бага хурлаас эхлэлтэй бөгөөд 2026 оны наймдугаар сард Ulaanbaatar хотноо зохион байгуулагдах COP17 бага хуралтай холбогдож буй дэлхийн хэмжээний онцлох санаачилга болж байна.

🤝 Төслийг “Бэлчээр ба малчдын олон улсын жил-2026” аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд аяллын үеэр малчид, бэлчээр ашиглагчид, эрдэмтэн судлаачид, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөл Евразийн орнуудыг дамнан аялж, байгалийн болон соёлын өвийн дурсгалт газруудаар зочлох юм.

☀️ Тэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ган цөлжилтийн эрсдэлийг бууруулах, тогтвортой амьжиргааны шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хамтран ажиллах ажээ.

🌱 Өнөөдөр бэлчээрийн экосистем дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлж, хоёр тэрбум гаруй хүний амьжиргааг тэтгэж буй ч бэлчээрийн доройтол, цөлжилт дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилт болоод байна. Иймээс энэхүү санаачилга нь эмзэг экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилготой юм.

“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриатай энэхүү аялал 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотод болох COP17 бага хурлын үеэр өндөрлөнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг silkroadcaravan.org сайтаас авах боломжтой.