Лионель Месси Испанийн Мадрид хотын баруун хэсгийн Сьерра Оэсте бүс нутагт гарсан хүчтэй түймрийн дараах сэргээн босголтын ажилд зориулан 80 мянган евро хандивлажээ.
“Интер Майами” багийн од довтлогчийн энэхүү тусламжийг Мадридын автономит мужийн захирагч Исабель Диас Аюсо олон нийтэд мэдээлж, талархал илэрхийлсэн байна.
Мадридын Сьерра Оэсте бүсэд гарсан түймэр сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн ноцтой байгалийн гамшгуудын нэг болжээ. Түймрийн улмаас 27 мянга гаруй га талбай шатаж, олон арван суурин газар хохирол амссан байна. Мөн олон мянган иргэн аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлэлтэд хамрагджээ.
Мессигээс ирсэн хандивыг түймэрт өртсөн орон нутагт байшин, дэд бүтэц, амьдрах орчныг сэргээх ажилд зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Мадридын эрх баригчид гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулан орон сууцны түр дэмжлэг, эвдэрсэн барилга байгууламжийг засварлах тусламжийн хөтөлбөрүүдийг эхлүүлсэн байна.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Месси өөрийн буяны үйл ажиллагаагаа олон жил үргэлжлүүлж ирсэн бөгөөд ихэнх тохиолдолд хандивынхаа талаар олонд зарлахыг төдийлөн хүсдэггүйгээрээ алдартай. Түүний энэхүү тусламжийг Мадридын удирдлагууд зөвхөн санхүүгийн дэмжлэг бус, гамшигт өртсөн хүмүүст өгсөн сэтгэл санааны томоохон дэмжлэг гэж үнэлжээ.
Айюсо нийгмийн сүлжээгээр дамжуулан Мессид талархал илэрхийлэхдээ “Мадридын ард иргэд Лионель Мессиг Испанид урьж, энэхүү энэрэнгүй үйлсэд нь талархах болно” хэмээн бичсэн байна.
Сонирхолтой нь, Месси Испанитай олон жилийн холбоотой. Тэрбээр Барселона клубт өсөж, дэлхийн хэмжээний тоглогч болсон, Испанийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн тод ул мөр үлдээсэн гадаадын тоглогчдын нэг юм. Тиймээс түүний Мадридын гамшигт нэрвэгдсэн бүсэд үзүүлсэн тусламжид Испанийн олон нийт ихэд талархаж байгаа аж.
Хөлбөмбөгийн талбай дээрх амжилтаараа төдийгүй хүмүүнлэгийн үйлсээрээ үнэлэгддэг Месси энэ удаагийн хандивын үйлдлээрээ спортын алдартнууд нийгмийн хариуцлага хүлээх чухлыг дахин харуулав.
Эх сурвалж: AS