Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар улсын төсвийн сахилга батыг чангатгах, шатахууны хангамжийг тогтворжуулах, хүнсний нөөц бүрдүүлэх, эмийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ.

Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар тус шийдвэрийг танилцууллаа.

Төсвийн хэмнэлтийн горим хэрэгжүүлж, зайлшгүй зардлыг нэн тэргүүнд санхүүжүүлнэ

Сангийн сайд З.Мэндсайханы мэдээлснээр, цаашид бүх шатны төсвийн захирагчид батлагдсан төсвийн хүрээнд юуны өмнө цалин, тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол, онцгой байдлын салбарын зайлшгүй шаардлагатай зардлыг бүрэн санхүүжүүлэх бөгөөд хойшлуулах боломжтой болон хэмнэж болох зардлуудыг түр хугацаанд танахаар болжээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 14.6 их наяд төгрөгт хүрсэн бол зарлага 16.7 их наяд төгрөг болж, 2.1 их наяд төгрөгийн алдагдал үүссэн байна.

Сангийн сайд хэрэв шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол оны эцэс гэхэд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааны санхүүжилтэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байгааг онцоллоо.

Төсвийн алдагдал нэмэгдэхэд өмнөх оны өр төлбөрийг төсвөөс барагдуулсан, мөн багш, эмч нарын цалин нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн бөгөөд эдгээрийг шийдвэрлэх хүрээнд улсын төсөвт тодотгол хийхээр болсон байна.

Хүнсний нөөцийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг тогтворжуулна

Засгийн газар дэлхийн зах зээл дэх тодорхойгүй нөхцөл байдал, нийлүүлэлтийн эрсдэлийг харгалзан ирэх хаврын хүнсний хангамжийг урьдчилан бэлтгэх шийдвэр гаргажээ.

Ялангуяа мах, гурилын үйлдвэрлэлийн улаанбуудай, хүнсний ногооны нөөцийг нэмэгдүүлж, импортын хараат байдлыг бууруулахад анхаарах юм байна.

Махны нөөцийг энэ жил цахим бирж болон Хөдөө аж ахуйн цахим бүртгэлийн системтэй уялдуулан бүрдүүлэх бөгөөд агуулах, хадгалалтын санхүүжилтийг улсын төсвийн тодотголоор шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Сангийн сайд махны үнэ өсөхөд бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ даган нэмэгдэх хандлагатай байдаг тул хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг урьдчилан бүрдүүлэх нь инфляцыг тогтворжуулахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж, бүх төрлийн гаалийн татварыг тэглэлээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хомсдолыг даван туулах зорилгоор нөөцийг илүү олон иргэнд хүргэх зохицуулалт хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэв.

Үүний хүрээнд Улаанбаатар хотод энэ сарын 15-ныг хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалтаар шатахуун түгээж байгаа бөгөөд саванд шатахуун олгохгүй, нэг автомашинд 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгож буй.

Энэхүү зохицуулалт хэрэгжсэн эхний өдөр шатахуун авсан автомашины тоо өмнөхөөс гурав дахин нэмэгдэж, өдөрт 38 мянга байсан бол 115 мянгад хүрсэн байна. Мөн шатахуун түгээх станцын нэг сав өмнө нь 167 автомашинд хүрэлцдэг байсан бол одоо 400 орчим автомашинд шатахуун түгээх боломжтой болж, хүртээмж эрс сайжирчээ.

Үүнээс гадна шатахуун түгээх станцуудын дарааллыг бодит цаг хугацаанд харуулах гар утасны аппликейшнийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх зорилгоор бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэж, импортын үйл ажиллагааг илүү нээлттэй болгохоор шийдвэрлэжээ.

Одоогоор БНХАУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ ОХУ-аас авдаг үнээс хоёр дахин өндөр бөгөөд АИ-95 автобензиний өөрийн өртөг нэг литр нь 5600 төгрөгт хүрч байгаа учраас Засгийн газар одоогийн нөхцөлд үнийг бус, хангамжийг тогтворжуулахад төвлөрч байгааг сайд онцоллоо.

Мөн БНСУ-тай хийсэн хэлэлцээний үр дүнд улсын шатахууны нийт хэрэгцээний 20 орчим хувийг нөөцлөх боломж бүрдсэн байна.

Нэн шаардлагатай болон өндөр өртөгтэй эмийг төвлөрсөн худалдан авалтаар нийлүүлнэ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэдээлснээр, шинэ журмын хүрээнд түгээмэл хэрэглээний болон өндөр өртөгтэй эмүүдийг нэг эх үүсвэрээс төвлөрсөн байдлаар худалдан авах тогтолцоог нэвтрүүлэхээр болжээ.

Үүнд даралтын эм, антибиотик, адреналин тарилга, дархлаа дэмжих эм, хавдрын бай эмчилгээний эм, чихрийн шижингийн инсулин зэрэг нэн шаардлагатай эмүүд багтаж байгаа юм. Мөн тасалдах эрсдэлтэй уналт, таталтын эсрэг эмүүдийг урьдчилан нөөцлөх боломж бүрдэх аж.

Төвлөрсөн худалдан авалтын үр дүнд улсын төсвийн зардал буурахаас гадна эмийн чанарт тавих хяналт сайжирна гэж үзэж байна.

Эрүүл мэндийн сайд шинэ журмаар зөвхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хатуу зохицуулалттай улсын бүртгэлтэй үйлдвэрлэгчдээс эм худалдан авах бөгөөд ингэснээр иргэдэд хүрэх эмийн чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх боломж бүрдэхийг онцоллоо.