Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.08.05) 08.00 цагт эхэлж, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалтай холбоотой 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдаанаар хууль хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг тогтворжуулах асуудлыг хэлэлцэхээс гадна автобензин болон дизелийн түлшний онцгой албан татвартай холбоотой зохицуулалтын асуудлыг авч үзэх аж.

Мөн хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, бүртгэлжүүлэлт болон хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд иргэдийн өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах асуудалд анхаарал хандуулах аж.

Түүнчлэн улсын төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоох, төсвийн хэмнэлт хийх, мөнгөн хөрөнгийн зохицуулалтыг сайжруулах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүд санал солилцох нь.

Үүнээс гадна Монгол Улсаас “COP17”-ын үеэр дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийн төслийг хэлэлцэх бөгөөд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын асуудлыг авч үзэх юм байна.

Мөн газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах болон “Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох ажээ.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх эдгээр асуудлууд нь шатахуун, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга бат, эдийн засгийн зохицуулалтыг сайжруулахад чиглэж байна.