Олон хүн хасарваань жимсийг зүгээр л амттан, чихэр орлуулагч гэж ойлгодог. Гэвч энэ жижигхэн бор жимс олон зууны турш Ойрхи Дорнодын уламжлалт хүнсэнд чухал байр суурь эзэлж ирсэн бөгөөд өнөөдөр дэлхий даяар эрүүл хүнсний нэгээр нэрлэгдэх болжээ.
Өдөрт ердөө 2-4 ширхэг хасарваань жимс хоол хүнсэндээ нэмэхэд хүний биед тодорхой ашигтай нөлөө үзүүлж болохыг хоол тэжээлийн мэргэжилтнүүд онцолдог.
1. Өдрийн эрч хүчийг тогтвортой нэмэгдүүлнэ
Хасарваань жимс байгалийн гаралтай нүүрс ус, ялангуяа глюкоз, фруктоз агуулдаг тул биед маш богино хугацаанд энерги өгдөг. Өглөөний цайны дараа, эсвэл дасгалын өмнө 2-3 ширхэг хасарваань идэх нь ядрах мэдрэмжийг багасгах, тархины үйл ажиллагаа, биеийн идэвхийг дэмжих давуу талтай.
2. Хоол боловсруулалтыг сайжруулна
Хасарваань жимсний хамгийн чухал давуу талын нэг нь эслэгийн өндөр агууламж юм. Өдөрт хэдхэн ширхэг хасарваань идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих, өтгөн хаталтаас сэргийлэх, гэдэсний ашигтай нянгийн үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг байна.
Эслэг ихтэй хүнс нь удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг учраас хэт их идэхээс сэргийлэхэд ч дэмжлэг болдог.
3. Зүрх судасны эрүүл мэндэд тустай
Хасарваань жимсэнд кали, магни, антиоксидант нэгдлүүд агуулагддаг. Кали нь цусны даралтын хэвийн түвшинг хадгалахад оролцдог чухал эрдэс бөгөөд хангалттай хэмжээний кали агуулсан хоол хүнс нь зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг.
4. Биеийг исэлдэлтийн стрессээс хамгаалахад тусална
Хасарваань жимс полифенол, каротиноид зэрэг антиоксидант нэгдлүүд агуулдаг. Эдгээр бодисууд нь эсийг гэмтээдэг чөлөөт радикалуудын нөлөөг бууруулах, биеийн хамгаалах тогтолцоог дэмжих үүрэгтэй.
5. Тархины үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ
Зарим судалгаагаар хасарваань зэрэг антиоксидант ихтэй хүнс нь тархины эрүүл мэндийг дэмжих боломжтой гэж үздэг. Ялангуяа ой тогтоолт, анхаарал төвлөрөл, мэдрэлийн эсийн хамгаалалт зэрэгт хооллолтын ерөнхий хэв маяг чухал нөлөөтэй байдаг.
6. Чихрийн хэрэглээг эрүүл аргаар орлуулах боломжтой
Чихэр, боловсруулсан амттаны оронд 2-4 ширхэг хасарваань сонгох нь илүү ашигтай сонголт байж болно. Учир нь, хасарваань байгалийн чихэрлэг амттай, эслэг ихтэй, эрдэс бодисууд агуулдаг. Гэхдээ энэ нь чихэргүй гэсэн үг биш. Хасарваань нь илчлэг, сахар ихтэй тул хэмжээг тохируулж хэрэглэх нь чухал.
Өдөрт хэдийд идэх нь тохиромжтой вэ?
Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр Өглөө: Өдрийн эрч хүч авахын тулд. Дасгалын өмнө: Богино хугацаанд энергийн эх үүсвэр болгох. Үдээс хойш: Амттаны оронд эрүүл сонголт болгон идэж болох нь.
Хэн болгоомжтой хэрэглэх хэрэгтэй вэ?
Хасарваань эрүүл хүнс боловч дараах хүмүүс хэмжээг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, чихрийн шижинтэй хүмүүс, цусан дахь сахарын түвшнээ хянадаг хүмүүс, илүүдэл жин бууруулах зорилготой хүмүүс. Учир нь, хасарваань байгалийн сахар ихтэй жимс юм.
Иймд өдөрт 2-4 ширхэг хасарваань жимс идэж, зөв хооллолтын нэг хэсэг болгон хэрэглэвэл эрч хүчийг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулж, ашигтай эрдэс, антиоксидант авч, чихэрлэг хэрэгцээг эрүүл аргаар хангах зэрэг олон давуу талтай аж.
Заримдаа эрүүл мэндэд хэрэгтэй өөрчлөлтүүд үнэтэй нэмэлт бүтээгдэхүүн бус, өдөр тутмын жижиг сонголтуудаас эхэлдэг. Хасарваань бол тийм энгийн боловч шим тэжээлтэй хүнсний нэг юм.
Эх сурвалж: PARADE