Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Засгийн газар Хэнтий аймгийн Биндэр сумын “Их хуралдай” цогцолборт ээлжит бус хуралдаан хийх, Улсын Их Хурал Өвөрхангай аймгийн Хархорин суманд хүндэтгэлийн чуулган зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, уг асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар урьдчилсан байдлаар хэлэлцэж, санал солилцсон боловч яг тов, албан ёсны шийдвэр одоогийн байдлаар гараагүй байгаа талаар мэдээлэв.
Хэрэв зохион байгуулах шийдвэр гарвал арга хэмжээг хэт нүсэр хэлбэрээр бус, түүхэн ойг хүндэтгэх, төрийн ёслолын шинжтэй байдлаар, зардал, зохион байгуулалтын хувьд хэмнэлттэй хийхээр төлөвлөж байгаа аж.
1206 оны их хуралдай болсон түүхэн газар
Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дахь “Их хуралдай” цогцолбор Монголын төрийн түүхэн чухал үйл явдалтай холбоотой газар юм. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр, 1206 онд Монголын язгууртан ноёд, аймгийн удирдагчид Их хуралдай хийж, Тэмүжинийг Чингис хаан хэмээн өргөмжлөн, Их Монгол Улсыг байгуулсан түүхтэй.
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Биндэр суманд байгуулсан уг цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулсан бөгөөд Монголын төрт ёсны эхлэл, эзэнт гүрний үүсэлтэй холбоотой дурсгалт орон зай болгон хөгжүүлж байна.
820 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр бэлтгэж байна
Засгийн газар Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, ойг улс орон даяар сурталчлах, түүх, соёлын өвийг олон нийтэд таниулах чиглэлээр ажиллахаар болсон байна.
Ойн хүрээнд түүх, соёлын арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, үндэсний өв уламжлалыг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн ойтой холбоотойгоор үндэсний бөхийн томоохон барилдаан зэрэг уламжлалт арга хэмжээ зохион байгуулах талаар санал, санаачилгууд гарчээ.
Хархорин дахь хүндэтгэлийн чуулган
Үүний зэрэгцээ Их Монгол Улсын түүхэн нийслэл Хархорин хоттой холбоотойгоор УИХ-аас Өвөрхангай аймгийн Хархорин суманд хүндэтгэлийн чуулган хийх асуудал мөн яригдаж байна.
Хархорин XIII зууны үед Их Монгол Улсын нийслэл байсан бөгөөд Монголын эзэнт гүрний улс төр, худалдаа, соёлын томоохон төв байсны хувьд үндэсний түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.