Эх оронч үзэл гэдэг нь заавал томоохон үйл хэрэг, өндөр албан тушаалаас эхэлдэг зүйл биш. Харин сэтгэл зүрх байвал өдөр тутмын орчноо хүртэл хайрлаж, хамгаалж, өөрчилж болдгийн тод жишээг залуус харуулсаар байна. Тухайлбал,

Улаанбаатар хотод “Volunteer Mongolia” төслийн хүрээнд JCI Progress байгууллагаас хэрэгжүүлж буй сайн дурын хөдөлгөөнд ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн 3000 гаруй залуус нэгдэж, нийтийн эзэмшлийн 50 гаруй хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэн, угааж ариутган орчныг илүү аюулгүй, цэвэр цэмцгэр болгох үйлсийг хамтдаа хэрэгжүүлжээ.

Энэхүү санаачилгыг Чингэлтэй дүүргээс дэмжиж, залууст шаардлагатай хамгаалах хэрэгсэл болон цэвэрлэгээний материалуудыг хангаж өгсөн бөгөөд ирэх өдрүүдэд үлдсэн талбайнуудыг цэвэрлэж дуусгахаар төлөвлөсөн байна.

Мөн “Let’s Sparkle 2026” аянд нэгдсэн эдгээр залуусын сайн дурын оролцоог дэмжиж, тодорхой цагийн батламж олгох ажлыг зохион байгуулж буй нь тэдний нийгмийн идэвхийг урамшуулах чухал алхам болж байна.

Үүнээс гадна иргэн А.Ням-Одын санаачилгаар Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутам ашигладаг нүхэн гарцуудыг зөвхөн дамжин өнгөрөх орон зай бус, соёл, гоо зүй, үндэсний үнэт зүйлийг түгээсэн бүтээлч орчин болгон өөрчлөх төсөл эхлээд байна.

Түүний санаачилгад 500 гаруй залуус нэгдэн, олон жил ашиглагдаж элэгдсэн нүхэн гарцыг цэвэрлэж, монгол бичиг, яруу найргийн сор бүтээлүүдээр чимэглэхээр ажиллаж байгаа ньбахархалтай юм. 

А.Ням-Од “Та бидний хамгийн сайн мэдэх нүхэн гарц бол зүгээр нэг дамжин өнгөрөх орон зай биш, харин иргэдийн сэтгэл зүй, соёл, үнэт зүйлд нөлөөлөх боломжтой орчин тул бид үүнийг цэвэрлэж, утга агуулгатай, соёлын дархлааг бэхжүүлэх орон зай болгон өөрчлөхийг зорьж байна” хэмээн онцолжээ.

Залуусын сайн дурын хөдөлгөөн, бүтээлч санаачилгууд нь зөвхөн орчныг цэвэрлэхээс гадна нийгмийн ухамсар, хамтын хариуцлага, үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх чухал алхам болж, “Gen-Z үе бол зөвхөн шүүмжлэгч биш, харин өөрчлөгч үе” гэдгийг бодитоор харуулж байна.