Хөвсгөл нуурын төрийн тахилга наймдугаар сарын 2-нд “Чөчү” хайрхны оройд болно. Тахилгын өмнөх өдөр буюу наймдугаар сарын 1-ний орой Хатгал тосгоны Чулуутын аманд Долоон бурхан одны тахилга зохион байгуулагдах юм.
Монголчууд эрт үеэс тэнгэр огторгуйн эрхэс дундаас Долоон бурхан одыг онцгойлон шүтэж, эрхэмлэн дээдэлж ирсэн уламжлалтай. Долоон бурхан одтой холбоотой бурхны шашны зан үйл бий бөгөөд монголчууд төрсөн жилийн одоо шүтэн, тэнгэр лусыг баясгаж, нас буян, аз хийморь, зам мөрөө даатган цай, сүүнийхээ дээжийг өргөдөг билээ.
Долоон бурхан одыг тахих ёслол, балин, тахил, сэржим өргөх зэрэг бурхны шашны дэг ёсыг эртний өвөг дээдэс, багш нар уламжлан айлдаж ирсэн байдаг.
Түүхэн сурвалжаас үзэхэд, нийтийн хэлж заншсанаар “Долоон өвгөн одны тахилгын судар” нь анх уйгур хэлнээс монгол хэлнээ орчуулагдаж, олон мянган хувь хэвлэгдэн дэлгэрсэн байна. Мөн уг судар хятад хэлээр дамжин төвд хэлнээ орчуулагдаж, улмаар Монгол оронд өргөн тархжээ.
Төвд эхийг үндэс болгон Долоон өвгөн одны тахилгын судруудыг улам боловсруулж, тусгай зан үйл, тахилгын дэг жаяг бий болсон гэж үздэг байна.
Энэ уламжлалт ёс заншлын дагуу Хөвсгөл нуурын төрийн тахилгын хүрээнд Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулахаар төлөвлөжээ.