Жүжигчин Бен Аффлек хэзээний саятан ч саяхан дахин 1 сая долларын шагнал хүртжээ. Тэрбээр “Jeopardy!” шоуны өмнөх оролцогч Жэйми Дингтэй хамтран "Who Wants to Be a Millionaire?" шоуны 2026 оны алдартнуудын улиралд түрүүлсэн байна.
Тэдний ялалт сүүлчийн асуултад өгсөн хариулттай холбоотойгоор "талархал" илэрхийлэхэд хүргэсэн бололтой. Төгсгөлийн мөч маш өрсөлдөөнтэй, сэтгэл түгшээсэн байдалд өрнөж, бүх зүйл ганцхан сүүлчийн асуултаар шийдэгдсэн байна.
АСУУЛТ: -Жил бүрийн Талархлын баярын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч цацагт хяруулд өршөөл үзүүлдэг уламжлалтай. Дараах нэрнүүдээс аль нь Ерөнхийлөгчийн өршөөл хүртсэн цацагт хяруулын нэр байгаагүй вэ?
Хариултын сонголтууд:
- Peanut Butter and Jelly (Газрын самрын тос ба чанамал)
- Tater and Tot
- Mac and Cheese (Макарон ба бяслаг)
- Spaghetti and Meatball (Шпагетти ба бөөрөнхий мах)
Шоуны хөтлөгч Жимми Киммел Бен Аффлек өөрийг нь тусламжийн сонголт болгон ашиглаж болохыг сануулжээ. Хосууд эхлээд Жэйми Дингийн “Phone-A-Friend” буюу найзаасаа асуух тусламжийг ашиглах талаар тоглоом хийсэн ч эцэст нь Аффлек “Үгүй ээ. Жиммид туслуулах нь дээр байх” гэжээ.
Тэр цааш нь “Үнэндээ чи хоол хийх, хоол хүнсний талаар их сайн мэддэг. Мөн цаг үеийн үйл явдлуудыг ч сайн мэднэ. Магадгүй чи үүнийг мэдэж байгаа байх” гэж Киммелд хэлсэн байна. Киммел “Чи яг зөв хэллээ. Би энэ талаар шоундаа жил бүр ярьдаг юм” гэж хариулжээ.
Киммел аль хос цацагт хяруулыг сонгосон бэ?

Тэрбээр Spaghetti and Meatball гэдэг нэр танил сонсогдохгүй байна гэж хэлээд, мэдээж хэрэг Ерөнхийлөгчийн талаар хошигножээ: Тэр “Дональд Трампын гарт том аяга бариулаад, тэр шпагетти, бөөрөнхий махыг идэж байгаа дүр зураг төсөөлөгдөж байна. Гэхдээ энэ нь зөв хариулт биш юм шиг санагдаж байна” гэжээ.
Киммел “Хэрэв буруу байвал уучлаарай. Гэхдээ миний эцсийн хариулт бол Spaghetti and Meatball” гэж хэлсэн ч тэд эцэст нь Дингийн найзаасаа асуух тусламжийг ашигласан байна.
Динг Киммелд “Жимми, чи миний энэ найзыг сонирхож магадгүй. Тэр Харвардад сурсан, аав хүн. Бид хоёр насны хувьд хоёрхон жилийн зөрүүтэй ч олон сорилт, бэрхшээлийг хамт туулсан. Яг л Бен, Мэтт хоёр шиг” гэжээ. Энд дурдсан Мэтт гэдэг нь Бен Аффлекийн дотнын найз Мэтт Дэймон юм.
Мэтт Дэймон одоогийн байдлаар "The Odyssey" кинонд тоглосноороо олны анхаарлын төвд байгаа ч өнгөрсөн жил яг энэ үед тэр Бен Аффлекийн оронд байжээ. Тодруулбал, Дэймон болон “Jeopardy!”-гийн алдарт оролцогч Кен Женнингс нар 2025 оны алдартнуудын “Who Wants to Be a Millionaire” тэмцээнд түрүүлж байсан аж.
Харамсалтай нь, Дингийн найз төдийлөн тус болж чадсангүй бөгөөд зөв хариултыг мэдэхгүй байв. Гэхдээ эцэст нь Киммел л тэдэнд хэрэгтэй туслагч байсан нь тодорхой болсон байна.
Аффлек “Бид яг ийм төрлийн түүхийн талаар хамгийн сайн мэддэг, дэлхийн хэмжээний мэргэжилтэнтэй таарсан нь аз болсон гэж бодож байна. Тэр үүнийг шоундаа жил бүр хийдэг шүү дээ” гэж хэлжээ.
Киммел хошигнон “Хэн? Би юу? Өө бурхан минь, чи үүнийг надад тохох гэж байна уу?” гэж хариулсан байна.
Хэсэгхэн сэтгэл түгшээсэн секундын дараа компьютер зөв хариуг харуулжээ: ✅ Spaghetti and Meatball
Бен Аффлек буяны зориулалттай телевизийн тэмцээнээс авсан 1 сая долларын шагналаа өөрийн буяны байгууллага болох Eastern Congo Initiative-д хандивлахаар болсон байна.
Энэхүү ашгийн бус байгууллагыг жүжигчин Бен Аффлек болон Уитни Уильямс нар 2010 онд байгуулсан бөгөөд Конго улсын зүүн хэсгийн орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлдэг байна.
Эх сурвалж: PARADE