Амьдралынхаа эхний өдрүүдийг ганцаараа эхлүүлсэн Punch нэртэй япон макак сармагчин өнөөдөр олон сая хүний хайртай амьтан болжээ. Түүний түүх энгийн нэг амьтны түүх биш, харин халамж, хайр, нөхөрлөл ямар хүчтэй болохыг харуулсан гайхалтай жишээ болж байна.

Токио хотын ойролцоох Чиба мужийн Ичикава хотын амьтны хүрээлэнд амьдардаг Punch энэ амралтын өдөр анхны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүний төрсөн өдрийг дэлхийн өнцөг булан бүрийн шүтэн бишрэгчид мартсангүй бөгөөд түүнд 2500 гаруй төрсөн өдрийн мэндчилгээний карт илгээсэн байна.

Punch-ийг хүмүүс анх түүний салшгүй найз болсон хиймэл орангутан тоглоомтой хамт байх зургаар нь мэддэг болсон юм.

Амьдрал нь ганцаардлаар эхэлжээ

A monkey sitting on the ground appearing to gesture with its hand

Punch 2025 оны долдугаар сарын 26-нд төрсөн. Гэвч удалгүй ээж нь түүнийг орхижээ. Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын үзэж байгаагаар эх нь ядарч туйлдсанаас болж бяцхан үрээ асарч чадаагүй байж болзошгүй аж.

Шинэ төрсөн макак бяцхан үрс эцэг эхтэйгээ тэврэлдэн наалдаж өсдөг бөгөөд энэ холбоо нь тэдний амьд үлдэхэд маш чухал байдаг. Тиймээс асран хамгаалагчид Punch-д тэврэх боломжтой зөөлөн үстэй хиймэл орангутан тоглоом өгчээ.

Амьтны хүрээлэнгийн ажилтан Косүкэ Шикано “Энэ тоглоом урт үстэй, барихад хялбар хэсгүүдтэй байсан. Мөн сармагчинтай төстэй харагддаг тул Punch-ийг дараа нь сүрэгтээ эргэн дасан зохицоход нь тусална гэж бодсон” хэмээн ярьжээ.

Жижиг сармагчин ба түүний том найз дэлхийд танигдав

A seven month-old male Japanese macaque monkey named Punch, who was abandoned by his mother shortly after birth, sits with a stuffed orangutan toy at Ichikawa City Zoo and Botanical Gardens in Ichikawa, Chiba Prefecture on March 18, 2026

Punch нэгдүгээр сард бусад сармагчдын хамт амьдрах орчинд шилжсэн ч асран хамгаалагчид түүнд хиймэл орангутан тоглоомоо авч явахыг зөвшөөрсөн байна.

Түүнийг жижигхэн биетэй хэрнээ зөөлөн тоглоомоо чирээд явж байгаа зураг цахим орчинд маш хурдан тархаж, дэлхийн сая сая хүний анхаарлыг татжээ.

Олон хүн Punch-ийн түүхийг сонирхож эхэлснээр амьтны хүрээлэнд ирэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Үүнээс болж амьтдын стрессийг багасгахын тулд зочдын үзэх хугацааг хязгаарлаж, нэг удаагийн үзлэгийг 10 минут хүртэл байхаар журам гаргажээ.

Амьтны хүрээлэнгийн менежер Такаши Ясунага “Punch өдөр бүр амьд үлдэхийн төлөө маш их хичээж байсан. Түүний хоёр асран хамгаалагч чадах бүхнээ хийж, бусад ажилтнууд ч мөн түүнийг анхааралтай хамгаалж байсан” гэжээ.

Punch шинэ гэр бүлдээ дасаж эхэлжээ

Сүүлийн саруудад Punch бусад сармагчдынхаа дунд амьдрахад аажмаар дасаж байгаа аж. Түүнийг өөр нэг сармагчны нуруун дээр суух, нас бие гүйцсэн сармагчидтай хамт байх, бусдаараа илж, тэвэрч халамжлуулах зэрэг байдлаар харсан байна.

Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын хэлснээр, Punch хиймэл орангутан тоглоомдоо өмнөхөөсөө бага хамааралтай болж байгаа нь сайн шинж аж. Амьтны хүрээлэнгийн захирал Шигэказу Мизүшина “Тоглоом нь Punch-ийг бие даахад нь тусалж байгаа. Түүнийг тоглоомноосоо аажмаар салж, бусад сармагчидтайгаа хамт унтаж эхлэхийг бид хүсэж байна” гэжээ.

Гэсэн хэдий ч Punch одоог хүртэл орой бүр хайртай тоглоомтойгоо унтдаг байна.

Punch-ийн түүх бусад амьтдад ч тус болжээ

Punch-ийн дэлхий даяарх шүтэн бишрэгчдийн дэмжлэг зөвхөн сэтгэл санааны тусламж байгаад зогссонгүй. Түүний шүтэн бишрэгчдийн хандивын ачаар амьтны хүрээлэнгийн Сармагчны уулын арын хэсэгт агааржуулалтын систем суурилуулсан байна. Энэ нь Японы халуун зуны улиралд амьтдыг тав тухтай байлгахад чухал хэрэгтэй зүйл болжээ.

Такаши Ясунага “Манай сармагчдын эрүүл мэндэд санаа тавьж буй бүх хүмүүсийн дэмжлэгт бид маш их талархаж байна” гэж хэлсэн байна.

Хүмүүс яагаад Punch-д ингэтлээ хайртай болсон бэ?

A monkey clinging to the side of a wall and looking toward the camera

Punch-ийн өсөлтийг анхаарч дагаж ирсэн хүмүүсийн хувьд түүний анхны төрсөн өдөр бол амьдралынх нь том ялалтыг тэмдэглэх өдөр байлаа. Нэгэн зочин “Тэр анх сармагчнуудын орчинд ирэхдээ маш жижигхэн, эмзэг байсан. Харин одоо үнэхээр сайхан өсөж байна” гэж ярьжээ.

Өөр нэгэн хүн Punch-ийн түүх хүмүүсийн сэтгэлд хүрсэн шалтгааныг “Хүн бүр амьдралдаа хайр, халамж хүсдэг. Punch заримдаа өөрийн тоглоомоор дамжуулан тэр холбоогоо олж авдаг. Түүнийг өсөж том болж байгааг харах үнэхээр онцгой” хэмээн тайлбарласан байна.

Punch-ийн төрсөн өдрийн мэндчилгээний картуудыг амьтны хүрээлэнд 8-р сарын 30 хүртэл дэлгэн үзүүлэх ажээ.

Ганцаардсан бяцхан сармагчингаас дэлхийн хүмүүсийн хайртай болсон Punch-ийн түүх нэгэн чухал зүйлийг харуулж байна. Хайр, халамж, анхаарал гэдэг амьд бүхэнд хэрэгтэй бөгөөд заримдаа хамгийн жижигхэн амьтан хүртэл дэлхийн сая сая хүний сэтгэлд хүрч чаддаг ажээ.

Эх сурвалж: PEOPLE