2026 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний эцсийн дүнгээр Баянхонгор аймгийн "Тэргүүн Богд" дэвжээний бөх, аймгийн арслан Төмөрийн Дүүрэнсаран хориотой бодис хэрэглэсэн нь албан ёсоор батлагдлаа.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц авч, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд шинжлүүлжээ.

Шинжилгээний эхний хариу 2026 оны долдугаар сарын 15-ны 22:00 цагт Монголын талд ирэхэд 63 сорьцын хариу бүрэн гарч, хориглосон бодис, түүний метаболит болон маркер илрээгүй байна. Харин үлдсэн нэг сорьцын хариу долдугаар сарын 17-нд ирэхэд тухайн бөхийн "А" сорьцын шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.

Допингийн зөрчил илэрсэн бөх Баянхонгор аймгийн "Тэргүүн Богд" дэвжээний бөх, аймгийн арслан Төмөрийн Дүүрэнсаран болохыг холбогдох байгууллагаас албан ёсоор мэдээлэв.

Т.Дүүрэнсаран "А" сорьцын шинжилгээний дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, журмын дагуу "Б" сорьцод дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Улмаар "Б" сорьцын шинжилгээний хариу өчигдөр ирж, мөн адил хориотой бодис хэрэглэсэн болохыг дахин баталжээ.

Ингэснээр "А" болон "Б" сорьцын шинжилгээний хариу хоёулаа эерэг гарсан тул Монголын Үндэсний допингийн эсрэг дүрэм болон холбогдох журмын дагуу допингийн зөрчил гаргасан бөхийн нэрийг олон нийтэд албан ёсоор зарлах нөхцөл бүрдсэн байна.

Одоо уг асуудлыг холбогдох байгууллагууд дүрэм, журмын дагуу хэлэлцэн, тамирчинд ногдуулах сахилгын шийтгэл, барилдааны амжилттай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажээ.