АНУ-ын Нууц алба Меланиа Трампыг хөнөөхийг уриалсан гэх Иранаас тархсан түгшүүртэй дүрс бичлэгийг шалгаж байгаа талаараа мэдэгдэв.

“How to Kill Melania Trump” (“Меланиа Трампыг хэрхэн хөнөөх вэ”) нэртэй уг бичлэгт тэргүүн хатагтай Меланиа Трампын автомашины цуваанд явж буй болон Нью-Йорк хотын янз бүрийн газарт байгаа зургуудыг ашигласан байна. Мөн түүний худалдан авалт хийдэг гэх зарим тансаг зэрэглэлийн дизайнерын дэлгүүрүүдийн нэрийг хүртэл дурджээ.

Бичлэгт эдгээр дэлгүүр хэссэн аяллуудыг “дэлхийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн ажиллагаанд тохиромжтой боломж” хэмээн дүрсэлж, Меланиа Трампын худалдан авсан хувцсанд хорт бодис ашиглан хордуулах тухай санаа дэвшүүлсэн байна.

Мөн уг бичлэгт түүний хүү Баррон Трампт чиглэсэн айдас төрүүлэм мессэж багтжээ: “Энэ бол зөвхөн эхлэл. Баррон Трамп, биднийг хүлээ”.

Нууц алба Меланиа Трампыг заналхийлсэнд ямар хариу өгсөн бэ?

АНУ-ын Нууц албаны Олон нийттэй харилцах болон хэвлэл мэдээллийн албаны ахлах мэргэжилтэн Нат Херринг New York Post сонинд өгсөн ярилцлагадаа тус байгууллага уг бичлэгийг мэдэж байгааг баталжээ.

Тэрбээр “Нууц алба уг бичлэгийг мэдэж байгаа бөгөөд хамгаалалтад буй хүмүүсийг заналхийлсэн гэж ойлгогдож болох аливаа зүйлийг шалгадаг” гэж хэлсэн байна. Мөн “Үйл ажиллагааны аюулгүй байдлын үүднээс хамгаалалтын тагнуулын асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй” гэж нэмжээ.

Меланиа болон Баррон Трамп нар Нууц албаны байнгын хамгаалалтад байдаг. Трампын гэр бүлийн бүх оршин суудаг газрууд, үүнд Цагаан ордон, Трамп Тауэр, Бедминстер дэх гольфын клуб, Мар-а-Лаго зэрэг газрууд ч өндөр хамгаалалттай байдаг.

Трампыг өмнө нь Иранаас заналхийлсэн үү?

Ирантай холбоотой дайн эхэлснээс хойш Трампын гэр бүл удаа дараа заналхийллийн бай болж ирсэн гэж мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Тегеран хотод “Цусыг цусаар” гэсэн утгатай самбарууд гарч, Трамп болон түүний хүүхдүүд болох Дональд Трамп Жуниор, Иванка, Эрик, Тиффани, Баррон нарыг үхэхийг шаардсан гэх мэдээлэл гарсан байна.

Ерөнхийлөгч Трамп өмнө нь АНУ-Израилийн хамтарсан ажиллагааны үеэр Ираны дээд удирдагч болон бусад дэглэмийн удирдагчид амиа алдсаны дараа өөрийгөө Ираны гол бай болсон гэж мэдэгдэж байжээ.

Мөн энэ сарын эхээр Ираны заналхийллийн улмаас Туркт болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас буцах үедээ Катарын бэлэглэсэн шинэ Air Force One онгоцны оронд хуучин ерөнхийлөгчийн онгоцоор ниссэн гэж New York Times мэдээлсэн байна.

Трамп New York Post сонинд “Би тэдний жагсаалтад удаан хугацаанд байсан. Бид ийм зүйлтэй л нүүр тулж байна” гэж хэлжээ. Тэр мөн хэрэв өөрийг нь хөнөөх оролдлого амжилттай болвол Иранд маш хүчтэй хариу цохилт өгөх заавар үлдээсэн гэж хэлсэн байна:

Тэр “Хэрэв ямар нэгэн зүйл тохиолдвол тэднийг урьд өмнө хэзээ ч харж байгаагүй хэмжээнд бөмбөгдөх хэрэгтэй гэж би хэлсэн” гэжээ. 

Меланиа Трамп энэ сард олон нийтийн өмнө харьцангуй бага гарч буй бөгөөд баасан гаргийн Цагаан ордны сурвалжлагчдын холбооны оройн зоогт оролцоогүй байна. Түүний оролцоогүй шалтгааныг эх сурвалж “хуваарь давхацсан” гэж тайлбарласан гэжээ.

Эх сурвалж: UNILAD