Автомашин, орон сууц, оффисын талбайг түрээслэх нь энгийн үзэгдэл болсон. Үүний адил Apple компани хэрэглэгчдэд дараагийн iPhone, Mac болон бусад төхөөрөмжөө шууд худалдаж авахын оронд түрээсийн (leasing) нөхцөлөөр ашиглах шинэ боломжийг санал болгож эхэллээ.
Тус компани электроникийн бүтээгдэхүүний үнэ өсөж, хэрэглэгчид төхөөрөмжөө урьдынхаас илүү удаан ашиглах болсон энэ үед бүтээгдэхүүнээ илүү хүртээмжтэй болгох зорилгоор шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.
Apple энэхүү хөтөлбөрийг төлбөрийн үйлчилгээний Klarna платформтой хамтран хэрэгжүүлэх бөгөөд АНУ-д наймдугаар сарын 5-наас эхлэн Apple-ийн албан ёсны дэлгүүрүүд, цахим дэлгүүр болон Apple Store аппликейшнээр дамжуулан ашиглах боломжтой болжээ.
Ямар төхөөрөмжүүд хамрагдах вэ?
Шинэ хөтөлбөрийн хүрээнд дараах төхөөрөмжүүдийг түрээсээр ашиглах боломжтой аж. Үүнд:
iPhone 17 цуврал
iPhone Air
Apple Watch Series 11
Apple Watch Ultra 3
MacBook Air
MacBook Pro
iMac
Mac Studio
iPad Air
iPad Pro
iPad Mini зэрэг багтжээ.
Харин хямд үнэтэй загварууд болох iPhone 16, MacBook Neo, суурь загварын iPad, Apple Watch SE зэрэг төхөөрөмжүүд энэхүү хөтөлбөрт багтаагүй байна.
Түрээсийн хугацаа
iPhone болон Apple Watch – 12, эсвэл 24 сарын хугацаатай
Mac болон iPad – 24 эсвэл 36 сарын хугацаатай байх нь.
Гэрээний хугацаанд хэрэглэгчид сар бүр тогтмол төлбөр төлөх бөгөөд хугацаа дуусмагц шинэ загварт шилжих, төхөөрөмжөө буцаах, эсвэл нөхцөлийн дагуу худалдан авах боломжтой аж.
Өмнөх шинэчлэлийн хөтөлбөрийг орлоно
Энэхүү үйлчилгээ нь Apple-ийн өмнө хэрэгжүүлж байсан iPhone Upgrade Program-ыг орлох юм байна. Өмнөх хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчид 12 сарын төлбөр төлсний дараа шинэ iPhone-оор төхөөрөмжөө солих боломжтой байсан бол шинэ түрээсийн үйлчилгээ нь илүү олон төрлийн төхөөрөмжийг хамарч, илүү уян хатан төлбөрийн нөхцөл санал болгож байгаа ажээ.
Apple-ийн мэдээлснээр, хамгийн хямд iPhone-ийг түрээслэх төлбөр сард 17.99 ам.доллар байгаа бол өмнөх шинэчлэлийн хөтөлбөрийн сарын төлбөр ойролцоогоор 42 ам.доллароос эхэлж байжээ.
Үнэ өсөхтэй холбоотой шинэ алхам
Зах зээлийн судалгааны International Data Corporation (IDC)-ийн шинжээч Франсиско Жеронимогийн үзэж буйгаар, энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчдийг iPhone, Mac төхөөрөмжийг нэг удаагийн өндөр үнэтэй худалдан авалт биш, харин сар бүр төлбөр төлдөг захиалгын үйлчилгээ мэтээр хүлээн авахад түлхэц болох аж.
Түүний хэлснээр, өнөөдөр АНУ-ын ихэнх хэрэглэгч жил бүр утсаа сольдоггүй бөгөөд Reviews.org-ийн судалгаагаар дундаж хэрэглэгч гар утсаа 22 сар ашигласны дараа шинэчилдэг байна.
Үүний зэрэгцээ шинжээчид Apple-ийн ирэх есдүгээр сард танилцуулах шинэ iPhone-уудын үнэ дахин өсөх төлөвтэй байна гэж үзэж байгаа аж. Тэр дундаа компанийн анхны эвхэгддэг iPhone нь Apple-ийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй ухаалаг утас болж магадгүй талаар Bloomberg өмнө нь мэдээлжээ.
Технологийн судалгааны TechInsights компанийн дэд ерөнхийлөгч Майк Ховардын хэлснээр, ирээдүйд iPhone-ийн үнэ 1,500 ам.долларт хүрэхийг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь хэрэглэгчдийн шинэ төхөөрөмж худалдан авах давтамжид нөлөөлж болзошгүй аж.
Эх сурвалж: CNN