Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль ирэх наймдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус фестиваль Монгол Улсад оршин суугаа угсаатны бүлгүүдийн олон талт соёлын биет бус өв, уламжлалт зан заншил, амьдралын хэв маягийг сурталчлан түгээхээс гадна байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдарч ирсэн нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, арга ухааныг дэлхий нийтэд таниулах зорилготой юм.

Фестивалийн хүрээнд аймаг, нийслэлийн төлөөлөл бүхий соёлын отгууд, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулна.

Мөн соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох судалгаа, үзлэгийг уламжлал болгон үргэлжлүүлж, фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн хадгалалт, хамгаалалт, залгамж чанартай холбоотой мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийх ажлыг хэрэгжүүлэх юм.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Монголын нүүдлийн соёл, уламжлалт мэдлэг ухааныг дотоодын болон олон улсын түвшинд сурталчлах, соёлын өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.