Залуусын оюун ухаан, ур чадвар, эв нэгдэл, бүтээлч байдал, үндэсний өв соёл, эх оронч үзлийг дэмжих зорилготой “Жангар” залуучуудын наадам Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын үзэсгэлэнт байгальд зохион байгуулагдаж байна.
Тус наадам нь Дөргөн нуурын эрэгт болж буй бөгөөд байгальд түшиглэсэн аялал жуулчлал, залуусын хөгжлийн хөтөлбөрийг хослуулсан гэдгээрээ онцлог юм. Хот суурин газрын хэвшмэл орчноос ангид, байгальтайгаа ойр нөхцөлд залуусыг нэгтгэж, өөр хоорондоо танилцах, туршлага солилцох, хамтран суралцах, шинэ санаа бүтээх боломжийг бүрдүүлж байна.
“Жангар” наадам зөвхөн урлаг, спортын арга хэмжээ төдий бус, залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн залуусын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэднийг манлайлагч иргэн болгон төлөвшүүлэх зорилготой цогц үйл ажиллагаа юм.
Энэхүү наадам тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаа Говь-Алтай аймгийн залуусаас гадна Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Ховд зэрэг аймгуудаас залуусын төлөөлөл оролцож байна.
Оролцогч залууст зориулан хувь хүний хөгжил, манлайлал, эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн оролцооны талаарх сургалт, зөвлөмж, илтгэлүүдийг зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, залуусын эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн боловсролын талаарх мэдээлэл, гэр бүлийн үнэ цэнэ, угийн бичиг хөтлөх арга зүй зэрэг үндэсний уламжлал, орчин үеийн мэдлэгийг хослуулсан хөтөлбөрүүд багтжээ.
Мөн оролцогчдын авьяас чадвар, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор спортын тэмцээн уралдаан, урлаг соёлын тоглолт, үндэсний өв уламжлалыг сурталчлах үйл ажиллагаа, танилцах уулзалт, чөлөөт ярилцлагуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
“Жангар” нэрийг сонгосон нь монголчуудын оюун санааны үнэт өв болсон баатарлаг туульсын үзэл санаатай холбоотой бөгөөд залуу үеийн эх оронч үзэл, эв нэгдэл, зориг тэмүүллийг бэлгэдсэн утга агуулгатай аж.
Өнөө цагийн залуусын өмнө тулгарч буй хамгийн чухал асуудлуудын нэг нь зөвхөн мэдлэг боловсрол эзэмших бус, нийгэмдээ идэвхтэй оролцдог, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай иргэн болж төлөвших явдал.
Энэ хүрээнд “Жангар” наадам нь залуусыг нэг дор цуглуулж, харилцан суралцах, шинэ санаа төрүүлэх, нөхөрлөл холбоогоо өргөжүүлэх чухал талбар болж байна.
Говь-Алтайн байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэгт болж буй энэхүү наадам нь орон нутгийн аялал жуулчлалыг дэмжихээс гадна залуучуудын хөгжлийг байгаль, соёл, боловсролтой хослуулсан шинэ хэлбэрийн арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм.