Монголын жүдо бөхийн спортод шинэ өнгө төрх нэмэх нэгэн онцгой тэмцээн маргааш (2026.07.29) Архангай аймагт эхэлнэ. Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар төрөлх нутаг Архангайдаа жүдо бөхийн холбооны салбар байгуулж, анхны томоохон тэмцээн болох ARA OPEN-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн тэмцээний хамгийн онцлох зүйл нь Монголд анх удаа задгай талбайд татами засаж, насанд хүрэгчдийн албан ёсны жүдо бөхийн тэмцээн зохион байгуулагдах гэж буй явдал юм. Мөн эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд шилдэг жүдочид хүч үзэж, жин тус бүрийн аварга 5 сая төгрөг, мөнгөн медаль 3 сая, хүрэл медаль хүртсэн хоёр тамирчин тус бүр 1 сая төгрөгийн шагнал хүртэнэ.

Нийт шагналын сан 150 сая төгрөгт хүрч байгаа нь дотоодын жүдо бөхийн хамгийн өндөр шагналтай тэмцээнүүдийн нэг болж байна.

Б.Баасанхүү эргэн ирлээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү их спортоос түр чөлөө авснаасаа хойш ердөө хоёр дахь тэмцээндээ оролцохоор Архангайд хүрэлцэн ирээд байна. Түүний жинд Нараа, Ану, Отгонжаргал, Эрдэнэбулган зэрэг хүчтэй өрсөлдөгчид бүртгүүлсэн нь үзэгчдийн хамгийн их хүлээж буй барилдаануудын нэг болоод буй юм. Харин 48 кг-ын шилдэг жүдоч Мишээлийн нэр энэ удаагийн бүртгэлд байхгүй байгаа аж.

-100 кг-д үе солигдох тулаан

-100 кг-ын жинд сонирхолтой өрсөлдөөн өрнөх төлөвтэй. Туршлагатай Цагаанаа шавь Омарынхаа хамт бүртгүүлсэн бол Ууганбаатар, Омар, Хүдэрчулуун зэрэг шинэ үеийн шилдэг жүдочид хүч үзэх нь ээ. Туршлага давамгайлах уу, эсвэл залуу үе ноёрхлоо тогтоох уу гэдэг энэ жингийн гол асуулт болж байна.

+100 кг – Тэмцээний "үхлийн жин"

Хамгийн хүнд жинд ердөө есөн бөх бүртгүүлсэн ч чансааны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөөн өрнөхөөр байна. Улсын начин цол хүртээд татамид эргэн ирж буй Гончигсүрэн, Пэрэнлэй, Дүүрээ, Баганаа, Энхбаяр, Тэмүүлэн, Пүүжээ, Мөнхтулга зэрэг шилдгүүд нэг дор цугларсан нь аваргын төлөөх барилдааныг урьдчилан таах аргагүй болгожээ.

Б.Гончигсүрэн тэмцээн өндөрлүүллээ | News.MN

Тэр дундаа үндэсний бөхийн улсын начин болсон Гончигсүрэн хэдхэн хоногийн өмнө Цогтцэцийн барилдаанд түрүүлээд ирсэн өндөр формтой байгаа нь түүнийг энэ жингийн гол фаворитуудын нэг болгож байна.

81 кг – Бүрэлдэхүүн нь л финал шиг

81 кг-ын жинд Сод-Эрдэнэ, Анхзаяа, Уранбаяр нарын зэрэгцээ Энхтөр, Тэмүүлэн, Мөнхбаяр, Жангарай, Шинэбаяр зэрэг үндсэн шигшээ багийн тамирчид бүртгүүлжээ.

Тэр дунд Сод-Эрдэнэ 66 кг-аас бүтэн нэг жин алгасан шууд 81 кг-д хүч үзэхээр болсон нь тэмцээний хамгийн сонирхолтой шийдвэрүүдийн нэг болж байна.

90 кг болон хөнгөн жингүүд

90 кг-д Хадаа жин өгсөнөөс гадна удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй Болор-Очир эргэн ирж байгаа нь анхаарал татаж байна.

Харин 60, 66, 73 кг бол уламжлал ёсоор хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, урьдчилан таахад хамгийн хэцүү жингүүд байх төлөвтэй. Мөн "Алдар" клубын нэр дээр нэг гадаадын жүдоч мэдүүлэг өгсөн нь тэмцээнд олон улсын өнгө аяс нэмэхээр байна.

Эмэгтэйчүүдийн өрсөлдөөн

Эмэгтэйчүүдийн 48, 57 кг-аас бусад жинд оролцогчдын тоо харьцангуй цөөн байгаа ч Монголын шигшээ багийн тамирчид бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор бүртгүүлжээ.

Харин бэртлийн улмаас Сүхбат, Цэцэнцэнгэл нар энэ удаа өнжихөөр болсон бол 57 кг-ын Цэндбазар, 48 кг-ын Мишээл нарын нэр бүртгэлд байхгүй байгаа нь хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж байна.

Жүдог орон нутагт хөгжүүлэх шинэ эхлэл

ARA OPEN нь зөвхөн өндөр шагналын сантай тэмцээн биш, Архангай аймагт жүдо бөхийн холбоог шинээр байгуулж, орон нутагт жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуусыг спортод татан оролцуулах, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг төрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа нь энэ тэмцээний хамгийн том үнэ цэн юм.

Монголын жүдо бөхийн бараг бүх шилдгүүд нэг дор цугларсан, задгай талбайд анх удаа зохион байгуулагдах, өндөр шагналын сантай ARA OPEN тэмцээн энэ зуны хамгийн онцлох дотоодын жүдо бөхийн үйл явдал болох нь гарцаагүй байна.