Оскарын шагналт жүжигчин Жулия Робертс зээ охин Эмма Робертсийн хуримын аз жаргалтай мөчийг хамтдаа хуваалцжээ.

Өдгөө 58 настай Жулия Робертс долдугаар сарын 25-ны бямба гарагт АНУ-ын Айдахо мужид болсон хуримд хүрэлцэн ирж, 35 настай Эмма Робертс жүжигчин Коди Жонтой гэр бүл болсон ёслолд оролцсон байна.

Хуримын үеэр авсан гэрэл зургуудаас харахад Жулия нөхөр Дэнни Модерийн хамт баярт үйл ажиллагаанд оролцжээ. Түүнчлэн хосууд хуримын өмнөх өдрүүдэд Айдахо мужид хамт явж байгаа нь зурагт үлдсэн байна.

Жулия болон Эмма Робертс нар олон жилийн турш ойр дотно харилцаатай байснаараа алдартай. Эмма Жулиягийн төрсөн ах, жүжигчин Эрик Робертсийн охин бөгөөд тэд ярилцлага, олон нийтийн сүлжээгээр бие биедээ хайр, хүндэтгэлээ илэрхийлсээр иржээ.

Julia Roberts smiling at an event and Emma Roberts smiling together with another person outdoors

Эмма өмнө нь 2024 оны долдугаар сард "Variety" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ажлынхаа дараа тайвшрахын тулд авга эгч Жулиягийн тоглосон алдартай кинонуудыг дахин үздэг тухайгаа ярьсан байна. Түүний үзэх дуртай бүтээлүүдийн дунд “My Best Friend’s Wedding” болон “America’s Sweethearts” зэрэг кино багтдаг аж.

Эмма Робертс хуримын өдрөө дизайнер Monique Lhuillier-ийн урласан цагаан, чөлөөт загвартай даашинз өмссөн байна. Тэрбээр даашинзаа тунгалаг нөмрөг болон урт цагаан гивлүүртэй хослуулжээ. Мөн хуримын дараах үдэшлэгт зориулан тус дизайнерын архивын загвараас сонгосон өөр нэг даашинз өмссөн байна.

Коди Жон хуримын үеэр бор өнгийн хослол өмсжээ. Эмма Робертс болон Коди Жон нарын хурим хосууд сүй тавьснаа зарласнаас хойш хоёр жилийн дараа болов. Эмма 2024 онд Instagram хуудастаа хосын хамт авахуулсан зургаа нийтэлж, шинэ бөгжөө харуулан “Ээж маань хүн бүрт хэлэхээс нь өмнө үүнийг энд тавья” хэмээн хөгжилтэй тайлбар бичиж байжээ.

Коди Жон 2022 оны наймдугаар сард Эмматай харилцаатай гэдгээ Instagram дээр үнсэлцэж буй зургаар илэрхийлж, “Sweet sweet” гэсэн тайлбар хийсэн байна. Тухайн жилийн сүүлээр Эмма ч мөн тэдний харилцааг албан ёсоор олон нийтэд дэлгэн хуваалцаж, гар гараасаа барилцсан зургаа нийтэлжээ.

Тэрбээр шинэ жилийн өмнөх өдөр нийтэлсэн зурвастаа “2022 он, би чамд хайртай. Шинэ жилийн мэнд, хөөрхөнүүд ээ!” хэмээн бичсэн байна.

Ийнхүү Холливудын алдарт Робертсын гэр бүлийн хоёр үеийн жүжигчид нэгэн баярт мөчид цугларч, Эмма Робертс болон Коди Жон нарын амьдралын шинэ хуудсыг хамтдаа эхлүүлжээ.

Эх сурвалж: PEOPLE