БЕРЛИНИЙ АЖИЛЛАГАА: АГУУ ЯЛАЛТЫН ЭЦСИЙН ҮЕ ШАТ
1945 оны дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 2-ны хооронд үргэлжилсэн Берлиний давшилтын ажиллагаа Аугаа их Эх орны дайны Европ дахь эцсийн томоохон тулаан байв. Зөвлөлтийн цэргүүд Гуравдугаар Рейхийн нийслэлд хүрэх замд дайсны хүчирхэг хамгаалалтыг сэтэлж, гол мөрнүүдийг гаталж, бэхлэгдсэн газруудыг даван туулж, Зееловын өндөрлөгийг эзлэн авч, Берлин рүү довтлох ажиллагааг эхлүүлжээ.
Энэ бол асар их цар хүрээтэй, түүхэн ач холбогдолтой ажиллагаа байсан аж. Үүнд 1-р Беларусын фронт, 2-р Беларусын фронт, 1-р Украины фронтын цэргүүд, мөн Балтийн флот, Днеприйн цэргийн флотын хүчин оролцжээ. Үр дүнд нь Вермахтын Берлины бүлэглэлийг бүслэн авч, бут ниргэж, нацист Германы нийслэлийг эзлэн авч, Рейхстаг дээр Ялалтын тугийг мандуулсан байна.
Энэхүү агуу тулаанд Монголын түүхэн хуудас ч бий. БНМАУ-ын иргэдийн хуримтлуулсан хөрөнгөөр 1943 онд "Монгол ард" сөнөөгч нисэх хүчний эскадрилийг байгуулжээ. 1943 оны есдүгээр сарын 25-ны өдөр их бие дээрээ "Монгол ард" гэсэн бичигтэй Ла-5 загварын 12 онгоцыг Зөвлөлтийн нисгэгчдэд хүлээлгэн өгсөн байна.
Тус эскадриль нь Сөнөөгч нисэх хүчний 322-р дивизийн гвардийн 2-р хорооны бүрэлдэхүүнд багтаж, Зөвлөлтийн газар нутгийг чөлөөлөхөөс эхлээд Герман хүртэлх байлдааны замыг туулсан түүхтэй.
Берлиний давшилтын ажиллагааны үеэр "Монгол Ард"-ын нисгэгчид байлдааны нислэг үйлдэж, давшиж байсан Зөвлөлтийн цэргүүдийг халхавчилж, довтлох онгоц болон бөмбөгдөгч онгоцнуудыг дагуулан хамгаалж, дайсны нисэх онгоцны буудал болон байрлал руу довтолж байжээ.
Тэдний оролцоо нь зөвхөн Зөвлөлт Холбоот Улсын ард түмнүүдийн хүчин чармайлтаар төдийгүй үнэнч холбоотнуудын дэмжлэгтэйгээр Ялалт байгуулсныг харуулсан ба эдгээрийн дунд Монгол Улс онцгой байр суурь эзэлж байсан байна.
Берлиний ажиллагаа нь Ялалт руу тэмүүлсэн замыг эцэслэжээ. Уг ажиллагаа нь сая сая хүний эр зориг, фронт, арын хүчний асар их хүчин чармайлт, нацизмын эсрэг тэмцсэн олон улсын эв нэгдлийн үр дүн байсан.
"Монгол Ард" эскадрилийн түүх нь Монголын ард түмний хамтын ялалтад оруулсан хувь нэмэр бодитой байсан ба манай ард түмнүүдийн нөхөрлөлийн түүхэнд үүрд мөнх бичигдсэнийг бидэнд сануулж байна.
Эх сурвалж: ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ