Казахстан улсын Алматы хот дахь Улсын циркийн ордонд болсон IV удаагийн олон улсын “Almaty Circus Festival”-д Монголын уран бүтээлчид амжилттай оролцож, алтан цомын эзэд боллоо. Энэ жилийн фестиваль таван өдрийн турш үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг циркчид ур чадвараа сорин өрсөлджээ.
Наадамд Вьетнам, Хятад, Герман, Франц, Итали, Швейцарь, Унгар, Турк, Монгол, Узбекистан, Тажикстан, Беларусь, ОХУ, Казахстан, Украин, Армен, Этиоп, Туркменистан болон Бүгд Найрамдах Саха (Якут) зэрэг 20 орны уран бүтээлчид оролцсон байна.
Оролцогчид агаарын гимнастик, акробатик, тэнцвэрийн үзүүлбэр, жонглёр, алиалагчийн урлаг, амьтан сургах үзүүлбэр зэрэг циркийн олон төрөлд өрсөлдөж, гран-при болон алт, мөнгө, хүрэл медалийн төлөө хүч сорьжээ. Үзүүлбэрүүдийг дэлхийн алдарт Cirque du Soleil-ийн мэргэжилтнүүд багтсан олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн мэргэжлийн өндөр түвшинд үнэлсэн байна.
Монгол Улсаас "Дэлхийн цирк Монголд-2026" олон улсын тоглолтод оролцсон уран бүтээлчид эх орноо төлөөлөн оролцож, өндөр ур чадвар, өвөрмөц үзүүлбэрээрээ бусдаас ялгарч, фестивалийн "Алтан цом"-ын эзэн болсон нь Монголын циркийн урлагийн олон улсын нэр хүндийг дахин бататгасан амжилт боллоо.
Энэ удаагийн фестивальд олон улсын циркийн байгууллагуудын төлөөлөл, фестиваль зохион байгуулагчид, продюсерууд өргөнөөр оролцсон нь уран бүтээлчдэд дэлхийн тайзанд гарах шинэ боломжийг нээсэн онцлогтой байв.
Фестивалийн шүүгчдийн зөвлөлийн дарга, Казахстаны Улсын циркийн захирал Максат Жайыков "Энэ жил манай фестивальд оролцох хүсэлт маш олноор ирсэн. 250 гаруй уран бүтээлчээс зөвхөн шилдэг оролцогчдыг шалгаруулсан. Тиймээс өнөөдөр манеж дээр гарч буй уран бүтээлч бүр өөрөө хэдийнэ ялагч юм.
Манай фестиваль бол зөвхөн тэмцээн биш, шинэ боломжийн үүд хаалга. Олон улсын шүүгчид шилдэг уран бүтээлчдийг шинэ фестиваль, аялан тоглолтод урьж, хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжийг бүрдүүлдэг. Энэ бол дэлхийн циркийн салбарт нэвтрэх жинхэнэ бүтээлч зах зээл юм" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: ALMATY CIRCUS FESTIVAL