Их Британийн Лийдс хот дахь Хааны зэвсгийн музей (Royal Armouries Museum) энэ оны долдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл “Mongolian Summer” буюу “Монголын зун” тусгай хөтөлбөр зохион байгуулж, Монголын түүх, өв соёлыг олон нийтэд өргөн хүрээнд сурталчилж байна.
Энэхүү арга хэмжээ нь “Genghis Khan: How the Mongols Changed the World” буюу “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” олон улсын тусгай үзэсгэлэнтэй хамтатган зохион байгуулагдаж байгаа ажээ.
Хөтөлбөрийн хүрээнд үзэгчид Монголын эзэнт гүрний үеийн түүх, нүүдэлчдийн соёл иргэншлийг танин мэдэх боломжтой олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаанд үнэ төлбөргүй оролцож байна. Тухайлбал, монгол морьт харваа, морин дээрх тулааны ур чадварын үзүүлбэр, хоёр гарт зэвсэг ашиглах тулааны үзүүлбэр, цаасан гэр урлах бүтээлч сургалт, мөн Монголын эзэнт гүрний үеийн элч, өртөөний тогтолцоог танилцуулах танин мэдэхүйн аяллыг өдөр бүр зохион байгуулж буй аж.

Музейн мэдээлснээр, морьт үзүүлбэрүүдийг мэргэжлийн жүжигчид, морьтон баг өдөр бүр 11:00 болон 14:00 цагт толилуулж буй бөгөөд Чингис хааны үеийн монгол морьт цэргийн байлдааны ур чадвар, морин дээрээс харвах арга барил, байлдааны тактикийг бодитоор үзүүлж буйгаараа онцлог болж буй юм байна.
Үүнээс гадна тусгай үзэсгэлэнд Монголын үндэсний музейнүүдийн сан хөмрөгөөс бүрдсэн 250 гаруй ховор үзмэр дэлгэгджээ. Эдгээрийн дотор нум сум, хуяг дуулга, эмээл, зоос, үнэт эдлэл зэрэг Монголын эзэнт гүрний түүхийг өгүүлэх үнэт өвүүд багтсан бөгөөд тэдгээрийн олонх нь Их Британид анх удаа дэлгэгдэж байгааг Хааны зэвсгийн музей онцолжээ.

Үзэсгэлэн нь Чингис хааны байлдан дагууллыг төдийгүй Монголын эзэнт гүрний хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрийг онцлон харуулж байгаагаараа онцлог. Тухайлбал, олон улсын шуудангийн тогтолцооны хөгжил, цаасан мөнгөний хэрэглээ, шашны хүлээцтэй бодлого, шинжлэх ухаан, газрын зураглал зэрэг салбаруудад Монголын эзэнт гүрний үзүүлсэн нөлөөг орчин үеийн өнцгөөс тайлбарлан хүргэж буй аж.
Хааны зэвсгийн музей нь Их Британийн хамгийн нэр хүндтэй үндэсний музейнүүдийн нэг бөгөөд байнгын үзүүлэнгүүдээ нийтэд үнэ төлбөргүй үзүүлдэг. Харин "Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ" тусгай үзэсгэлэнгийн тасалбар насанд хүрэгчдэд 9 фунт стерлинг, хөнгөлөлттэй ангилалд 7 фунт стерлинг бөгөөд 16 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.
Соёлын өвөө олон улсын хэмжээнд сурталчлах энэхүү хөтөлбөр нь Монголын түүхийг зөвхөн байлдан дагууллын өнцгөөс бус, дэлхийн соёл иргэншил, худалдаа, шинжлэх ухаан, төрийн зохион байгуулалтад оруулсан хувь нэмэртэй нь хамтатган танилцуулж буйгаараа онцгой ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцлов.

Эх сурвалж: ROYAL ARMOURIES MUSEUM