Монгол Улс дэлхийн дүрслэх урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох Venice Biennale-д үндэсний павильоноороо оролцож байна. “Сүлжилдээн-Хил дамнасан холбоос” нэртэй үзэсгэлэнд Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар оролцож, уран зураг, видео арт, баримал, текстил, инсталляци зэрэг олон төрөлт бүтээлээрээ Монголын орчин үеийн дүрслэх урлагийн өвөрмөц өнгө төрхийг дэлхийн үзэгчдэд хүргэж байна.
Тэдний бүтээлүүдэд уламжлал ба орчин үеийн огтлолцол, хүн ба оршихуйн харилцаа, байгаль ба соёлын шүтэлцээ зэрэг сэдвийг өөр өөрийн уран бүтээлийн хэлээр илэрхийлжээ.
Монголын павильоны куратороор Ц.Уранчимэг, хамтарсан куратороор Томас Эллер ажиллаж байгаа аж. Тэд олон улсын туршлага, судалгаанд тулгуурлан, Монголын орчин үеийн дүрслэх урлагийг илүү өргөн хүрээнд таниулах зорилго тавин ажиллаж буй юм байна. Тус үзэсгэлэн мэргэжлийн урьдчилсан үзвэрийн өдрүүдэд хамгийн олон үзэгчтэй павильонуудын нэгээр нэрлэгджээ.
Монголын биенналийн сан болон Хөх нар Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төвөөс монгол уран бүтээлчдээ олон улсын тавцанд гаргах боломжийг бүрдүүлсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “БодьДарма” сан, Капитрон банк, Volt, “Маршал арт галерей”, “Некст натур дизайн”, “Гончигсумлаа сан”, Broscode болон 30 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, хамтран ажилласан уран бүтээлчдэд талархал илэрхийлэв.