АНУ-ын Мэрилэнд мужийн Камберленд хотын оршин суугч Жон Хамилтон Жуниор долдугаар сарын 3-нд ойролцоох Кресаптаун дахь дэлгүүрээс 50 доллароор сугалааны тасалбар худалдан авчээ. Тэр тасалбараа нугалан арын халаасандаа хийчихээд мартсан байсан аж. 

Хамилтон маргааш нь 40 долларын өртэй найзтайгаа таарчээ. Халаасандаа байгаа сугалааны тасалбараа санаж, бэлэн мөнгөний оронд өгөхөөр санал болгосон байна. Агаарын цэргийн хүчний ахмад дайчин Хамилтон “Би түүнд ‘дотор нь ямар нэг зүйл байж магадгүй шүү’ гэж хэлсэн” хэмээн ярьжээ. Гэвч түүнийг найздаа тасалбараа өгөх гэж яг байхад нь эхнэр нь болиулсан байна.

Хамилтон “Тэр бид хоёрын дунд гараа тавиад тасалбарыг авсан. Тэр мөчид би өөрөө хонжворын хэсгийг хусаж үзээд үнэхээр хожил байгаа эсэхийг шалгах хэрэгтэй гэж бодсон” гэж хэлжээ. Тэрбээр машин дотроо сууж байгаад тасалбарынхаа хэсгийг маажихад ямар нэг хожил байгааг олж харсан байна.

Гэхдээ яг юу харж байгаагаа сайн ойлгоогүй тул тасалбар авсан дэлгүүртээ буцаж очоод кассчнаас шалгаж өгөхийг хүсжээ. Тэр “Би түүнд үзүүлээд ‘Энэ үнэн юм болов уу?’ гэж асуухад тэр ‘Тийм юм шиг байна, үлдсэн хэсгийг нь мааж’ гэж хэлсэн” хэмээн ярьжээ.

Маажих тусам хожлын дүн нэмэгдэж байгааг хараад Хамилтон томоохон шагнал хожсоноо ойлгосон байна. Кассчин тасалбарыг уншуулж шалгаад, үнэхээр 50,000 доллар хожсон болохыг баталжээ.

Долдугаар сарын 21-нд Мэрилэндийн сугалааны төв байранд шагналаа авахаар очихдоо Хамилтон “Би үнэхээр гайхсан” гэж хэлсэн байна. Тэрбээр хамгийн түрүүнд эхнэр рүүгээ залгажээ. Хэрэв эхнэр нь тэр үед болиулаагүй бол азтай тасалбар өөр хүний гарт очих байж.

Хамилтон энэ мөнгөөр орон сууцныхаа зээлийг багасгах, гурван бага хүүхдээ Диснейн аялалд авч явах зорилготой байгаагаа хэлсэн байна.

Мэрилэндийн сугалааны байгууллагаас мэдээлснээр, Хамилтоны хожсон тасалбар хоёрдугаар сард худалдаанд гарсан “$5,000,000 LUXE” мааждаг сугалааны тоглоомын тасалбар байжээ.

Эх сурвалж: PEOPLE