Алдарт жүжигчин Жим Керри “The Mask” киноны найруулагч Чак Рассел нас барсанд эмгэнэл илэрхийлж, түүнтэй хамтран ажилласан үеэ дурсжээ.
Жим Керри долдугаар сарын 24-ний баасан гарагт "People" сэтгүүлд ярилцлага өгөхдөө “‘The Mask’ киноны зураг авалтын үеэр зураг авалтын талбай дээр гайхалтай, хүүхэд шиг баяр баясал, нөхөрлөлийн уур амьсгал бүрдүүлж чаддаг Чак Расселтэй хамтран ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэж хэлсэн байна.
Тэрбээр мөн “Бүх жүжигчид болон багийнхан түүний хөгжилтэй, наргианч зангаас урам авч, сэтгэл нь хангалуун байдаг байсан” хэмээн дурсан ярьжээ.
“The Mask” кино Жим Керригийн уран бүтээлийн онцгой бүтээл байв
Өдгөө 64 настай Жим Керри талийгаач Чак Расселтэй 1994 онд гарсан “The Mask” супер баатрын инээдмийн кинонд хамтран ажилласан билээ.
Тус кинонд Жим Керри даруухан банкны ажилтан Стэнли Ипкиссийн дүрийг бүтээсэн. Тэрбээр эртний Норвегийн домгийн бурхан Локитой холбоотой ид шидийн баг олж, түүнийг зүүснээр ер бусын ногоон дүр төрхтэй, хүссэн зүйлээ хүүхэлдэйн кино мэтээр өөрчлөх чадвартай этгээд дүр болон хувирдаг.
Энэхүү кино нь мөн жүжигчин Камерон Диазын анхны томоохон кино бүтээл байсан бөгөөд тэрбээр дуучин Тина Карлайлийн дүрийг бүтээж, Жим Керригийн дэлгэцийн хайртай бүсгүйн дүрд тоглосон билээ.
Жим Керри “Бид бүгдийн амьдралд энэ эрч хүчтэй, цаг хугацааг давсан гайхамшигтай мөч олон жилийн турш аз жаргал авчирсан” хэмээн ярьжээ. Мөн “Би ‘The Mask’ киног өөрийн уран бүтээлийн амьдралын үнэт эрдэнүүдийн нэг гэж боддог. Баярлалаа, Чак” хэмээн хэлсэн байна.
“The Mask”-ийн найруулагч Чак Рассел 74 насандаа таалал төгсөв
Чак Рассел долдугаар сарын 22-ны лхагва гарагт Сан-Диего орчмын гэртээ зуурдаар таалал төгссөн талаар түүний гэр бүлийнхэн мэдээлжээ. Энэ мэдээг анх TMZ олонд мэдээлсэн байна.
Орон нутгийн гал түймрийн алба тухайн өдрийн үдээс хойш ухаангүй эрэгтэй хүний тухай дуудлага авч, Расселийн гэрт очсон байна. Одоогийн байдлаар нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа ажээ.
Чак Расселийн уран бүтээлийн замнал
Өвөрмөц өгүүлэмж, төрөл бүрийн жанрыг хослуулсан найруулагч гэдгээрээ алдартай Чак Рассел 1987 онд “A Nightmare on Elm Street 3: Dream Warriors” киногоор найруулагчийн гараагаа эхэлсэн бөгөөд зохиолыг нь мөн бичжээ. Үүний дараа 1988 онд аймшгийн төрлийн “The Blob” киног найруулсан.
“The Mask” киноны дараа тэрбээр 1996 онд Арнольд Шварценеггертэй хамтран “Eraser” киног бүтээсэн; 2002 онд “The Scorpion King” киног найруулсан бөгөөд энэ кино нь Дуэйн Жонсоны анхны гол дүрийн томоохон бүтээл болсон билээ.
Эх сурвалж: PEOPLE