Америкийн алдарт дуучин Кэти Перри өөрийнх нь “Firework” дууг цэргийн цохилтын дүрс бичлэгт ашигласан Цагаан ордны үйлдлийг эрс шүүмжилжээ.
Долдугаар сарын 23-ны пүрэв гарагт Цагаан ордны албан ёсны TikTok хаягт Кэти Перрийн 2010 онд гаргасан хит дуу болох “Firework”-ийг ашигласан видео нийтлэгдсэн байна. Уг бичлэгт пуужин дэлбэрч буй дүрсүүд гарч, дууны “boom, boom, boom” гэсэн хэсэгтэй зэрэгцэн цэргийн ажиллагааны кадрууд үзүүлжээ. Видеоныхоо тайлбарт “Иранд анхаарууллаа” гэж бичсэн байсан аж.
Долдугаар сарын 25-ны бямба гарагт 41 настай Кэти Перри X (хуучнаар Twitter) платформ дээр уг үйлдлийг шүүмжилсэн байна.
Тэрбээр: “‘Firework’ дууг Цагаан ордны @WhiteHouse TikTok хаягт цэргийн цохилтын дүрс бичлэгийн арын хөгжим болгон ашигласныг хараад би маш их цочирдож, уурлаж байна. Би үүнийг зөвшөөрөөгүй, надаас асуугаагүй, мөн би үүнийг огт дэмжихгүй” гэж бичжээ.
Мөн тэрбээр “Би энэ дууг хүмүүс амьдралынхаа хамгийн хүнд, харанхуй мөчүүдийг даван туулах үед нь итгэл найдвар, эдгэрэл, дотоод хүч чадлыг өгөх уриа болгон бичсэн. Өөрийн үнэ цэн, урам зоригийн тухай мессежийг сүйрэл, хүчирхийллийн дүрслэлтэй хослуулан ашигласан нь миний дууны илэрхийлэх гэсэн бүх зүйлийг бүрэн зөрчиж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Тэр “Миний хөгжим хүмүүсийг нэгтгэхийн төлөө байдаг болохоос дайныг магтан дуулахын төлөө биш” хэмээн нэмж хэлжээ.

Бусад уран бүтээлчид ч мөн эсэргүүцэж байжээ
Кэти Перри Трампын засаг захиргаа өөрсдийн дуу хөгжмийг зөвшөөрөлгүйгээр ашиглахыг эсэргүүцсэн олон уран бүтээлчдийн нэг болж байна. Тэдний дунд Celine Dion, Bruce Springsteen, Neil Young, Olivia Rodrigo Sabrina Carpenter, Radiohead зэрэг уран бүтээлчид багтаж буй.
Тэд Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш өөрсдийн хөгжмийг улс төрийн зорилгоор сошиал медиа болон бусад платформд ашиглахгүй байхыг шаардсан байна.
Ариана Гранде ч мөн Цагаан ордныг шүүмжилжээ
Өнгөрсөн сард дуучин Ariana Grande Цагаан ордон өөрийнх нь “Bye” дууг ашиглан цагаачлалын эсрэг арга хэмжээний тухай TikTok видео хийснийг эсэргүүцсэн байна. Уг бичлэгт АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE) болон бусад байгууллагын ажилтнууд хүмүүсийг баривчилж буй дүрсүүдийг харуулжээ.
Видео тайлбартаа “Баяртай 👋 Ерөнхийлөгч Трамп түүхэн дэх хамгийн аюулгүй хилийг бий болголоо” гэж бичсэн бөгөөд энэ нь Ариана Грандегийн “Eternal Sunshine” цомогт багтсан “Bye” дуутай холбогдуулсан байв.
Ариана Гранде зургадугаар сарын 11-нд сэтгэгдэл хэсэгт “Миний хөгжмийг ийм харгис, хүнлэг бус, жигшүүртэй зүйлтэй хэзээ ч битгий холбож ашиглаарай. fck ICE” гэж бичжээ. Үүний дараа уг бичлэгийн дууг хаасан байна.
Кеша мөн дайны тухай бичлэгт дууг нь ашигласныг эсэргүүцсэн
Дуучин Kesha гуравдугаар сард өөрийн 2010 оны “Blow” дууг Цагаан ордон ашигласан талаар байр сууриа илэрхийлжээ. Түүний дууг ашигласан бичлэгт сөнөөгч онгоц пуужин харваж, байлдааны хөлөг онгоц дэлбэрч буй дүрс гарсан байна.
Кеша Instagram Stories дээр “Цагаан ордон миний нэг дууг TikTok дээр хүчирхийллийг өдөөж, дайнаар сүрдүүлэх зорилгоор ашигласныг мэдлээ. Дайныг хөнгөн зүйл мэт харуулах нь жигшүүртэй бөгөөд хүнлэг бус үйлдэл” гэж бичжээ.
Цагаан ордон хэрхэн хариулав?
Кешагийн мэдэгдлийн дараа Цагаан ордны Харилцаа холбооны захирал Стивен Чён түүний үгийг X дээр дахин нийтэлж “Эдгээр бүх ‘дуучид’ үүнд байнга хууртдаг. Энэ нь бидний видео илүү их анхаарал татаж, илүү олон үзэлт авчирдаг. Учир нь, хүмүүс тэдний гомдоллож буй зүйлийг харахыг хүсдэг” гэж хариулсан байна.
Эх сурвалж: PEOPLE