Монгол Улсын уул уурхайн түшиц хот, Орхон аймгийн төв Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж, төрт ёсны их баяр наадмын нэгэн адил үндэсний бөхийн барилдаан сонирхолтой болж өндөрлөлөө.

Тус ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаанд монгол бөхийн сор болсон улсын цолтнууд, шилдэг хүчтэнүүд оролцож, улсын наадмын дараах хамгийн өндөр чансаатай барилдаануудын нэг боллоо. Барилдаанд дархан аварга, улсын арслан, гарьд, заан, харцага тэргүүтэй олон хүчтэн зодоглосон бөгөөд үзэгч олныг баясгасан өрсөлдөөнтэй сайхан барилдаан болсон юм.

Энэхүү түүхэн барилдааны түрүү бөхөөр Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ тодорч, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ.

Ийнхүү Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд Архангай нутгийн хоёр хүчтэн үзүүр, түрүүнд үлдэж, Бөхбилэгт дэвжээний бөхчүүдийн ур чадвар, бэлтгэл сургуулилалт, багш дасгалжуулагчдын хөдөлмөрийг тод харуулсан сайхан амжилт үзүүлэв.

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ барилдааны төгсгөлд түрүүлж, ойн баярын түрүү бөхийн шагнал болох автомашины эзэн болсон бол үзүүрлэсэн Улсын харцага Б.Зоригтбаатар байраар мялаалгалаа.

👦 Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд сумын заан Б.Цэрэнбат түрүүллээ

Мөн Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан өсвөрийн бөхийн барилдаанд Архангай аймгийн Жаргалант сумын харъяат Б.Цэрэнбат түрүүлж, ирээдүйтэй залуу бөх болохоо харууллаа.

Б.Цэрэнбат 2026 оны долдугаар сарын 9-нд сумынхаа наадамд түрүүлж, Сумын заан цол хүртсэн бол долдугаар сарын 12-нд улсын наадамд түрүүлж, "Шонхор" цол хүртсэн. Үүний дараа долдугаар сарын 25-нд Эрдэнэт хотын 50 жилийн ойн өсвөрийн барилдаанд түрүүлсэн нь түүний авьяас чадвар, ирээдүйн их амжилтын эхлэл болж байна.

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн баярт Архангай нутгийн хүчит бөхчүүд ийнхүү үзүүр түрүүнд шалгарч, нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөнд халуун баяр хүргэе.

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын харцага Б.Зоригтбаатар, өсөх ирээдүйтэй залуу бөх Б.Цэрэнбат нарынхаа гэр бүл, багш дасгалжуулагчид, Бөхбилэгт дэвжээний хамт олон, Хайрхан, Батцэнгэл, Жаргалант сумын зон олонд чин сэтгэлийн баяр хүргэе.

Хурд хүч нь бадран, хийморь нь өөдөө, Монгол бөхийн их дэвжээнээ олон сайхан амжилтын эзэд байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.