Домогт рок хамтлаг Bon Jovi-ийн ахлагч, дуучин Жон Бон Жови Нью-Йорк хотын Madison Square Garden ордонд хийж буй есөн удаагийн цуврал тоглолтын найм дахь үдшийн тоглолтоо эрүүл мэндийн шалтгаанаар төлөвлөснөөсөө эрт өндөрлүүлэхэд хүрчээ.
Тэрбээр тоглолт эхэлснээс хойш ойролцоогоор 90 минутын дараа тайзнаас бууж, үзэгчдээсээ уучлал хүссэн байна. Тоглолтын үеэр Жон Бон Жови үзэгчдэд хандан "Уучлаарай. Үнэхээр өвдөж байна. Та бүхэнд хамгийн сайн тоглолтоо үзүүлж чадахгүй нь. Тасалбаруудаа битгий хаяарай. Би ямар нэгэн шийдэл олж, энэ тоглолтыг дахин зохион байгуулахыг хичээх болно" хэмээн хэлээд, тоглолтыг нөхөн зохион байгуулах боломжийг судлахаа амалсан байна.
Дуучны төлөөлөгчийн мэдээлснээр, Жон Бон Жови дайвар хөндийн үрэвсэл (sinus infection)-ээр өвчилсөн бөгөөд энэ нь түүний хоолой, биеийн ерөнхий байдалд нөлөөлж, тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгожээ. Гэсэн ч тэрбээр өвчтэй байсан ч тайзан дээр гарч, фенүүддээ тоглолтоо хүргэхийг хичээсэн гэж онцолсон байна.
Энэхүү тоглолт нь Bon Jovi-ийн "Forever Tour" аялан тоглолтын хүрээнд болж байгаа бөгөөд 2022 онд дууны хөвчний хүнд хагалгаанд орсноос хойш Жон Бон Жовигийн тайзнаа эргэн ирж буй хамгийн чухал тоглолтуудын нэг юм. Тэрбээр өмнө нь олон жилийн сэргээн засах эмчилгээ, хоолойн дасгалын үр дүнд бүрэн эдгэрсэн тухайгаа ярьж байсан бөгөөд энэ удаагийн аялан тоглолтоо эргэн ирэлтийнхээ бэлгэдэл хэмээн тодорхойлж байв.
Одоогоор тоглолтыг хэдийд нөхөн зохион байгуулах талаар албан ёсны тов гараагүй байгаа ч зохион байгуулагчид болон хамтлагийн зүгээс ойрын хугацаанд нэмэлт мэдээлэл өгөхөө мэдэгджээ. Харин Madison Square Garden дахь цуврал тоглолтын сүүлийн буюу ес дэх тоглолт товлосон хуваарийн дагуу болох эсэх нь дуучны биеийн байдлаас шалтгаалан шийдэгдэх аж.
Эх сурвалж: PEOPLE, ABC NEWS, EW