АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод зохион байгуулагдаж буй San Diego Comic-Con 2026 арга хэмжээний үеэр Холливудын жүжигчин Жонни Депп олныг гайхшруулсан гэнэтийн үзүүлбэрээр тайзнаа гарчээ.
Тэрбээр өөрийн шинэ кино "Ebenezer"-ийг сурталчлах хүрээнд Английн нэрт зохиолч Чарльз Диккенсийн "A Christmas Carol" зохиолын гол дүр болох Эбенезер Скружийн дүрд бүрэн хувирч, үзэгчдийн өмнө гарсан байна.
Депп урт хар пальто, цилиндр малгай, таяг барин, өндөр настай Скружийн төрхийг нүүр будалт, хувцаслалтаар бодитоор илэрхийлж, дүрээсээ огт гаралгүй үзүүлбэрээ толилуулжээ. Тэрбээр үзэгчдийг "Та нарт ажил гэж байдаг юм уу? Яагаад энд байгаа юм бэ?" хэмээн Скружийн зангаар "загнаж", дараа нь Христийн Мэндэлсний баярын чимэглэлүүдийг "Хүүхдүүдээс хол байлгах хэрэгтэй" хэмээн хошигнон ярьсан байна.
Үзүүлбэрийн үеэр тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлогыг ёжлон хошигнол хэлсэн нь танхимд суугаа хүмүүсийг хөгжөөжээ. Депп дүрдээ үлдсэн хэвээр "Удалгүй хаалган дээр хүртэл тариф ногдуулах хэрэг гарна", мөн "хий үзэгдэл хүртэл татвар төлөх хэрэгтэй болох нь" гэсэн утгатай хошигносон бөгөөд үзэгчид алга ташилт, инээдээр хариу барьсан байна.
Энэхүү тоглоомоор сүүлийн үед АНУ-д өрнөж буй тарифын бодлогын талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг егөөдсөн гэж хэвлэлүүд онцолжээ.
Энэ үзүүлбэр нь Paramount Pictures-ийн бүтээж буй "Ebenezer" киноны сурталчилгааны нэг хэсэг бөгөөд уг киног найруулагч Тай Уэст найруулж байгаа аж. Кинонд мөн Иэн Маккеллен, Дэйзи Ридли, Руперт Гринт, Андреа Райзборо зэрэг алдартай жүжигчид тоглосон бөгөөд ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Энэхүү бүтээл нь Жонни Деппийн сүүлийн жилүүдийн хамгийн том Холливудын төслүүдийн нэг юм байна. Тэрбээр шүүхийн маргаануудаас хойш голдуу Европын болон бие даасан кинонуудад ажиллаж байсан бол "Ebenezer" нь Америкийн томоохон студитэй хамтран хийж буй эргэн ирэлтийн бүтээл болж байгаа юм.
Эх сурвалж: ENTERTAINMENT WEEKLY, ASSOCIATED PRESS, REUTERS