УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төслийн талаар илтгэв.
Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа, үр дүнгийн шалгуур үзүүлэлтээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуурт үзүүлэлттэй уялдуулсан нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэлээ.
Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлого байх болно гэдгийг танилцуулав.
Товчхондоо бизнес, хувийн хэвшлийг дэмжиж, төрийн оролцоог багасган татвар, төсвийн шинэчлэл хийснээр ажил эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх зэргээр салбар тус бүрээр нарийвчлан төлөвлөжээ.
Тухайлбал, "Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж,
Зэс, ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлнэ.
Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр, түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтарсан зураглалыг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. “Атар IV" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид болон “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ.
Зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан 4D, Ховд, Мөрөн 4С нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ. Боловсролын чиглэлээр “Цөөн хүүхэдтэй анги“ бодлого баримталж, багийн болон хотхоны бага сургууль байгуулж, “Нэг багшид нэг AI туслах” нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ" хэмээв.
Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэтгэврийг нэмэгдүүлж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ногоон дата төв байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчний хараат байдлыг бууруулна. Ногоон дэд бүтэц хөгжүүлэх хүрээнд айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлнэ. Хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албаны бүтцийг шинэчилж, авлига, хүнд суртлаас ангижруулах зэргийг хөгжлийн төлөвлөгөөндөө тусгажээ.
Үр дүнгийн нөлөөлөл өндөртэй эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр манай улс засаглалын үзүүлэлтээрээ 2027 онд 7 байр ахиж, дэлхийн мэдлэгийн индексээ 39.2 оноогоор эрэмбэлэгдсэнийг 50 болгож өсгөнө.
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнээс 2.2 их наяд төгрөгийг улсын төсвөөр, 0.2 их наяд төгрөгийг орон нутгийн төсвөөр, 5.0 их наяд төгрөгийг гадаадын зээл, тусламжаар,
4.5 их наяд төгрөгийг дотоодын хөрөнгө оруулалтаар, 1.6 их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар, 1.5 их наяд төгрөгийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр, 0.3 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах илтгэлдээ ач холбогдол өгч, бүтээлчээр ажиллаж, мэдээллээ дэлгэцээр харуулахаар бэлдэж ирсэн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг онцолж, иргэдэд ойлгомжтой, энгийн, товч байдлаар танилцууллаа хэмээн сайшаав. Мөн тэрбээр цаашид чуулганы хуралдааны индэрт илтгэх хүмүүс энэ жишгийг хэвшүүлэх нь үр дүнтэй юм гэв.