НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнагдлаа.

Энэхүү шагналаар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх, цахим шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, засаглал, эрчим хүчний шилжилт зэрэг чиглэлээрх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэллээ.

Матилда Димовскагийн томилолтын хугацаа дуусаж буйтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзах үеэрээ уг медалийг гардуулан өглөө.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг НҮБХX болон Монгол Улсын 50 жилийн түншлэлийг онцолж, Матилда Димовскагийн удирдлага дор хамтын ажиллагаа улам өргөжин тэлсэнд талархал илэрхийлэв. Мөн түүний цаашдын ажил үйлсэд амжилт хүсэж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгал болгон гардуулав.