Ерээд оны алдарт тулаант киноны од Жэки Чаныг "Rush Hour" цувралын дөрөвдүгээр ангид эргэн ирээсэй гэсэн хүсэлттэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл олон нийтийн өмнө илэрхийлж байсан. Энэ хүсэл бодит болох магадлалтай бололтой.

IMDb цахим мэдээллийн санд "Rush Hour 4" киноны зурагт хуудас нийтлэгдэж, Жэки Чан болон түүний хамтран тоглосон жүжигчин Крис Такер нарын нэрийг жүжигчдийн нэрсийн жагсаалтад оруулжээ. Хэдийгээр киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогийн байдлаар нууцалж байгаа ч Жэки Чаны өөр нэгэн домогт кино цуврал эргэн ирэх нь бараг баттай болсон байна.

"Armour of God" кино дахин үргэлжилнэ

Мэдээллээр Жэки Чан 1986 онд анх үзэгчдийн хүртээл болсон "Armour of God" (Бурхадын хуяг) кино цувралын шинэ ангид дахин тоглох аж. "Armour of God: IV Ultimatum" нэртэй дөрөвдүгээр анги 2027 онд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Кино нээлтээ хийхэд хугацаа байгаа ч 72 настай жүжигчин шинэ дүрдээ хэрхэн бэлтгэж буйг харуулсан анхны зураг хэдийнэ нийтлэгдсэн байна.

Жэки Чан: Би хэзээ ч тэтгэвэрт гарахгүй

Жүжигчин, тамирчдаас нас ахих тусам хамгийн их асуудаг асуултын нэг нь "Хэзээ тэтгэвэрт гарах вэ?" гэсэн асуулт байдаг. Жэки Чан энэ хавар New York Post сонинд өгсөн ярилцлагадаа тэтгэвэрт гарах бодолгүйгээ дахин илэрхийлжээ.

Тэрбээр "Би бүх эрсдэлтэй үзүүлбэрээ өөрөө хийдэг. Энэ бол миний нэг хэсэг. Би хэзээ ч тэтгэвэрт гарахгүй" хэмээн хэлсэн байна.

72 настай ч эрсдэлтэй үзүүлбэрээ өөрөө хийхээр зэхэж байна

Жэки Чан дал гарсан ч кинон дээрх аюултай үзүүлбэрүүдээ өөрийн биеэр гүйцэтгэх хүсэл эрмэлзлээ хадгалсаар байгаа аж.

"Armour of God: IV Ultimatum" нь дэлхийн өнцөг булан бүрт эрдэнэс хайж аялдаг адал явдалт баатрын тухай тулаант кино учраас түүний нэрийн хуудас болсон гайхалтай үзүүлбэрүүдийг дахин үзэх боломж үзэгчдэд олдоно гэж кино сонирхогчид хүлээж байна.

Карьерынх нь эхлэл болсон кино

"Rush Hour" кино Жэки Чаныг дэлхийн хэмжээний супер од болгосон ч түүнээс өмнө тэр Хонконгийн кино ертөнцөд хэдийнэ алдаршсан байв. Түүний "Согтуу мастер" зэрэг бүтээлүүд Азид асар их амжилт олсон ч тухайн үед АНУ-ын зах зээлд төдийлөн танигдаагүй аж.

"Armour of God" киноны дүр түүний анхны томоохон гол дүрүүдийн нэг болж, улмаар Холливудад хөл тавих эхлэлийг тавьсан бүтээлүүдийн нэг болжээ. Энэ амжилтын дараа тэр инээдмийн жүжигчин Крис Такертай хамтран "Rush Hour" цувралд тоглож, дэлхий дахинд илүү сайн танигдсан билээ.

Одоо Жеки Чан дахин "Asian Hawk" хэмээх домогт дүрдээ эргэн орж, цувралын дөрөв дэх ангид тоглохоор ажиллаж буй юм байна.

72 настай ч биеийн хэлбэрээ гайхалтай хадгалжээ

Киноны зураг авалтын үеэр авсан гэрэл зургуудаас харахад, 72 настай Жэки Чан гайхалтай бие бялдартай хэвээр байгаа аж. Тэрбээр зураг авалтын талбай дээр ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байгаа нь нүүр дүүрэн инээмсэглэлээс нь илт харагдсан байна.

Зураг авалт Казахстан улсад үргэлжилж байна

"Armour of God: IV Ultimatum" киноны зураг авалт одоогийн байдлаар Казахстан улсад үргэлжилж буй бөгөөд дэлхий даяар нээлтээ 2027 онд хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: PARADE