"Рок-н-роллын хаан" хэмээн алдаршсан Элвис Пресли тайзан дээрх өвөрмөц төрхөөрөө дэлхийд танигдсан. Гялалзсан чулуун чимэглэлтэй хувцас, нөмрөг, алдарт комбинзонуудаас нь гадна хувцас загварт үнэхээр дуртай нэгэн байсныг олон хүн тэр бүр мэддэггүй.

Тэрээр нэгэнтээ "Би хувцас өмсөхийг хоол идэхээс ч илүүтэйгээр хүсдэг" хэмээн хэлж байсан нь түүний загварын ертөнцөд ямар их хайртай байсныг илтгэнэ.

Элвисийн домогт хувцасны цуглуулгыг анх удаа дэлгэн үзүүлжээ

Шүтэн бишрэгчид нь хөгжмийн түүхэн дэх хамгийн агуу оддын нэгийн тайзны хувцасны ертөнцтэй урьд өмнө тохиож байгаагүйгээр ойроос танилцах боломжтой болжээ. Учир нь, Каран Федерийн бичсэн "Elvis: Dressed to Rock" нэртэй шинэ ном худалдаанд гарах юм байна.

Грейслэнд музейтэй хамтран бүтээсэн энэхүү фото номонд Грейслэндийн архивын ховор материалуудыг дэлгэн үзүүлж, Элвисийн тайзны хувцасны хувьсал, хөгжлийг дэлгэрэнгүй өгүүлжээ.

Номд түүний урлагийн замналын турш өмссөн 150 гаруй хувцас багтсан бөгөөд 1950-иад оны дэгжин оёдолтой хослолуудаас эхлээд Лас Вегасын тоглолтуудын үеэр түүний бэлгэ тэмдэг болсон үнэт чулуун чимэглэлтэй алдарт комбинзонууд хүртэл багтсан байна.

Элвисийн хамгийн алдартай тайзны хувцаснууд

Elvis Dude Suits

Номд Элвисийн түүхэн дэх хамгийн алдартай тайзны хувцаснуудын заримыг онцлон танилцуулсан байна. Үүнд түүний анхны тайзны имижийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн алтлаг ламе (lamé) даавуун хослол, 1968 оны домогт Comeback Special телевизийн тоглолтын үеэр өмссөн хар савхин хувцас, 1977 онд Индианаполис хотод болсон амьдралынхаа сүүлчийн тоглолтын өмнө тайзан дээр өмссөн сүүлчийн комбинзон зэрэг багтжээ.

Домогт хувцаснууд хэрхэн бүтдэг байсныг харуулсан ховор материалууд

Энэхүү номд Элвисийн олон жилийн хувцасны дизайнер Билл Бельюгийн гар зурган эх ноорог, өмнө нь нийтэд дэлгэгдэж байгаагүй архивын гэрэл зургууд, мөн хувцас бүрийг хэрхэн урлаж байсан үйл явцыг харуулсан шинэ зургуудыг багтаасан байна.

"Dude Suit" буюу Элвисийн алдарт цагаан тайзны хослолууд

Номын хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг нь Элвисийн алдарт "Dude Suit" хэмээх тайзны хослолуудын тухай аж. Эдгээр нь 1970-аад онд түүний тоглолтуудын үеэр байнга өмсдөг байсан цагаан габардин даавуун хослолууд бөгөөд анхны харцаар бүгд ижил мэт харагдавч үнэндээ өнгөний жижиг ялгаагаар хоорондоо өөр байжээ.

Тухайлбал, тус бүр нь хар, цэнхэр, ногоон, улаан өнгийн чимэглэлтэй байсан аж. Арьсан материалан оруулга нь халаасны амсар, товч, хуниас, өмдний гоёлын хэсгүүдийг чимдэг байсан бол нөмрөг бүр дотор талаараа тухайн өнгөтэйгээ зохицсон өнгийн доторлогоотой байжээ.

Грейслэндийн архивын мэдээлснээр, хар өнгийн чимэглэлтэй хувилбар нь хамгийн онцгой байсан бөгөөд энгийн өнгийн доторлогооны оронд пейсли (paisley) хээтэй доторлогоотой нөмрөгтэй байсан байна.

Элвис өөрийн хувцсыг өөрөө өвөрмөц болгодог байжээ

Elvis Dude Suit

Эдгээр хослолууд анхандаа тохирсон бүстэй хийгдээгүй байсан ч Элвис тайзан дээр гарах бүрдээ өөр хувцасны бүсийг сольж хэрэглэн, өөрийн гэсэн өвөрмөц хослолуудыг бүтээдэг байжээ. Ингэснээр тоглолт бүрт түүний тайзны дүр төрх бага зэрэг өөрчлөгдөн, үзэгчдэд шинэ мэдрэмж төрүүлдэг байсан аж.

Элвисийн загварын өв өнөөдөр ч амьд байна

Олон арван жилийн турш Элвис Преслигийн тайзны хувцас түүний дуунуудтай адилхан алдартай байсаар ирсэн. Түүний тансаг, өвөрмөц тайзны хувцаснууд кантри, рок, поп хөгжмийн олон үеийн уран бүтээлчдэд хүчтэй нөлөө үзүүлж, концертын тайзыг зөвхөн хөгжмийн бус загварын урлагийн тайз болгон өөрчилсөн гэж үздэг.

"Elvis: Dressed to Rock"

Elvis Cobweb Suit

Элвисийн ховор гэрэл зургууд болон түүний домогт хувцасны цуглуулгыг багтаасан "Elvis: Dressed to Rock" ном наймдугаар сарын 4-нд албан ёсоор худалдаанд гарч, номын дэлгүүрүүдээр худалдаалагдах юм байна.

Эх сурвалж: PARADE