ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган энэ сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо болж байна.
ЮНЕСКО-гийн 1972 оны “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц”-ын хэрэгжилтийг хангах үндсэн механизм болох Дэлхийн өвийн хороо нь Конвенцод нэгдсэн улс орнуудаас сонгогдсон 21 гишүүн улсаас бүрддэг.
Тус хорооны чуулганаар Дэлхийн өвийн төв болон зөвлөх байгууллагуудын үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээс гадна гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Мөн дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргадаг билээ.

Энэ удаагийн чуулганы үеэр Монгол Улсаас соёлын ангиллаар нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Монголын тал уг нэр дэвшүүлэлтийн холбогдох бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.
Энэхүү өв нь Хүннү гүрний язгууртнуудын түүх, соёл, нийгмийн зохион байгуулалт, оршуулгын зан үйлийг илэрхийлэх, хүн төрөлхтний түүхийн үнэт өвийг гэрчлэх археологийн онцгой ач холбогдолтой дурсгал юм.
Монгол Улс ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц”-д 1990 онд нэгдэн орсон бөгөөд түүнээс хойш дараах өвүүдийг Дэлхийн өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлээд буй билээ.
Соёлын өвийн ангиллаар:
Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004),
Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (2011),
Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015),
Буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор дурсгал (2023).
Байгалийн өвийн ангиллаар:
Увс нуурын ай сав (2003),
Монгол дагуурын ландшафт (2017).
Монгол Улс 2025 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдож, 2025-2029 оны хугацаанд тус хорооны үйл ажиллагаанд оролцож байна.

Монгол Улс Дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүн улсын статустайгаар анх удаа оролцож байгаа нь дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг бататгахын зэрэгцээ Монголын түүх, соёлын үнэт өвийг дэлхийн түвшинд сурталчлан таниулах, хамгаалах үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
