Артур Смольяниновын "Украин дахь дайн дууссаны дараа юу хийх вэ?" гэсэн асуултад дуучин Лайма Вайкуле "Би согттолоо ууна" гэж хариулжээ.
Дуучин бүсгүй DW сувгийн "Переживем" (Даван туулна) подкастын хүрээнд хэрэгжиж буй "Artur on Tour" шинэ төслийн анхны зочноор оролцсон байна. Тус төсөл Европын янз бүрийн хотуудын үзэгч, сонсогчидтой уулзуулдаг бөгөөд гол сэдэв нь дайны улмаас гэр орноо орхихоос өөр аргагүй болсон хүмүүс энэ хүнд үеийг хэрхэн даван туулж, шинэ амьдралдаа хэрхэн дасан зохицож байгаа тухай аж.
Лайма Вайкулетэй хийсэн дугаарыг Латвийн нийслэл Рига хотод бичжээ.
Танхимд байсан үзэгчдээс Украинд дайн дууссаны дараа хамгийн түрүүнд юу хийх талаар асуухад, Латви улсад түр орогнож буй олон хүн "Гэртээ харина" гэж хариулсан байна.
Вайкуле Украин дахь дайны талаар
Ярилцлагын гол сэдвүүдийн нэг нь Украин дахь дайн байжээ. Лайма Вайкуле "Украины одоо туулж байгаа зүйл үнэхээр аймшигтай! Би буудаж байхыг харж байсан. Би та надаас хэр хол байгаа тэр хэмжээний зайд л байсан.
Би сумнууд ягаан өнгөтэй харагдаж байсныг харсан! Энэ үнэхээр аймшигтай байсан. Би бүр хөшиж орхисон, харсан зүйлээсээ болоод хөдөлж ч чадахгүй болсон. Өнөөдөр Украинд болж байгаа зүйлийг харах бүрд... Яах гэж? Юуны төлөө? Би огт ойлгохгүй байна" гэж ярьжээ.
Тэрбээр мөн "Гуйя, тайван амьдарцгаая. Газар худалдаж ав, тэнд амьдарч байгаа хүмүүсийг хүндэл. Одоо Орос улс Харьковт орос хэлтэй хүмүүсийг "хамгаалж" байна гэж хэлж байна. Тэнд ийм хамгаалагчид хэрэггүй!
Орост газар нутаг бага гэж үү? Би бүх Орос орныг тойрон явж үзсэн, асар том газар нутагтай! Одоо хүмүүсийг алахад зарцуулж байгаа мөнгөөрөө бүх хүнд сайхан амьдрал бий болгож болох байсан" гэж хэлээ.
Оросын дайны улмаас Оростой харилцаагаа тасалсан нь
Вайкуле дайны улмаас гэр орноо орхих шаардлага гараагүй аж. Тэр 2022 оны хоёрдугаар сар хүртэл Рига хотод амьдарч байсан бөгөөд одоо ч тэндээ амьдарсаар буй юм байна. Гэвч дайн түүнийг Оростой холбоотой харилцаагаа таслахад хүргэжээ.
Тэр Орост дахиж тоглолт хийгээгүй, телевизийн төслүүдэд оролцоогүй бөгөөд дайн дууссаны дараа ч Орост дахин ажиллаж чадах эсэхдээ эргэлзэж буйгаа хэлсэн байна.
Лайма Вайкуле ОХУ-ын Украинд хийсэн бүрэн хэмжээний довтолгоог ил тод эсэргүүцэж, Украины ард түмнийг дэмжсээр иржээ. Тэр заримдаа тайзан дээр Украины далбаатай гарч, украин хэл дээр дуулах нь нэмэгдэж байгаа аж.
Вайкуле: Путин одоо амар, дайн хийх хэрэггүй
Лайма Вайкуле "Японы нэгэн эрдэмтэн таван жилийн дараа хүмүүсийг 120 нас хүртэл амьдруулах аргыг нээнэ гэж амалж байгааг би саяхан мэдсэн. Япончууд хүний амьдралыг уртасгах талаар бодож байхад Орос улс эдгээр украинчууд, Европ, ер нь дэлхийн бүх хүнийг хэрхэн сүйрүүлэх талаар бодож байна" гэжээ.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан "Амраарай, одоо дайн хийх хэрэггүй. Явах хэрэгтэй! Таван жил зусландаа тайван амьдраад, 120 наслах боломжтой шүү!" хэмээн хэлсэн байна.

Орос хэлний тухай байр суурь
Лайма Вайкуле сүүлийн жилүүдэд өгсөн ярилцлагууддаа өөрийн хайрладаг орос хэлийг хамгаалж иржээ. Түүний хэлснээр, тэр орос хэлийг үнэхээр ойлгож, мэдэрч эхэлсэн үе нь уг хэл тийм ч түгээмэл биш болж эхэлсэн цаг үе байсан бөгөөд үүнд дуучин Андрей Макаревичийн дуунууд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэжээ.
Тэр "Хэл бол хүмүүсийг нэгтгэдэг. Орос хэл, англи хэл, ер нь ямар ч хэл" гэж хэлсэн байна. Гэхдээ "Переживем" подкастад "Хэрэв Латви дээр Оросын бөмбөг унаж эхэлвэл би оросоор ганц ч үг хэлэхгүй, эсвэл зөвхөн хараалын үг хэлэх байх" гэжээ.
Юрмала дахь Лаймагийн фестиваль
Өнөөдөр дуучны амьдралын чухал хэсэг нь түүний нэрээр нэрлэгдсэн хөгжмийн наадам юм. Laima Rendezvous Jūrmala фестиваль нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй арга хэмжээ болсон.
Энэ жил тус наадам долдугаар сарын 24-нөөс 26-нд Латвийн Юрмала хотод болох аж. Оролцогчдын дунд Семён Слепаков, Монеточка, Андрей Макаревич, Украины дуучин Ольга Полякова болон бусад уран бүтээлчид багтжээ
Орос, Украины уран бүтээлчдийг нэг тайзан дээр цуглуулж чаддаг талаар асуухад Лайма Вайкуле "Мэдэхгүй ээ, би зүгээр л өөдрөг үзэлтэй хүн" гэж хариулжээ.
Эх сурвалж: DW