Орхон аймагт Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт, “Зууны манлай жүдоч” Д.Нармандахын нэрэмжит өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 1700 гаруй жүдоч Орхон аймагт хүрэлцэн иржээ.
Энэ жил Д.Нармандахын 1996 оны Атлантагийн олимпын наадмаас хүрэл медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбааг дэлхийн тавцанд мандуулсан түүхэн амжилтын 30 жилийн ой тохиож буй юм.

Иймээс энэхүү түүхэн ойг хүндэтгэн мөн “Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жил”-ийн ойн хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулж байгаа ажээ.
Эрдэнэт хотын 50 жилийн ой болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Орхон аймаг өөрийн нутгаас төрөн гарсан спортын алдартнуудыг алдаршуулах, тэдний нэрэмжит улсын чанартай тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж буй юм байна.

Ийнхүү орон нутагт зохион байгуулж буй улс, бүсийн хэмжээний томоохон тэмцээнүүд спортын алдартнуудын гавьяаг алдаршуулах, тухайн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуусын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой төдийгүй орон нутгийн аж ахуй эрхлэгчдэд бодит орлогын эх үүсвэр болж, эдийн засагт шууд дэмжлэг үзүүлж байгаа ажээ.




