Энэ жилийн  Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд шинжилгээнд хамруулсан билээ.

2026 оны долдугаар сарын 15-ны өдрийн 22.00 цагт ирүүлсэн шинжилгээний эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дуусчээ. Дээрх 63 сорьцоос хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй болохыг мэдээлсэн.

Үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу өнгөрсөн баасан гарагт буюу долдугаар сарын 17-нд ирсэн бөгөөд хориотой бодис хэрэглэсэн болох нь А сорьцын шинжилгээгээр тогтоогджээ. Допинг илрээд буй тухайн бөхийн хувьд улсын наадамд шөвгөрөөгүй буюу дөрөв даваад тавын даваанд өвдөг шороодсон бөх аж.

Одоогийн байдлаар тухайн бөхөд А сорьцын шинжилгээний хариуг танилцуулах үйл явц үргэлжилж буй юм байна. Шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй байгаа тохиолдолд тухайн бөхийн нэрийг зарлах болохгүй гэсэн дүрэм байдаг.

Хэрэв А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцыг дахин шинжлүүлнэ. Харин А сорьцын хариуг хүлээн зөвшөөрвөл нэрийг нь олон нийтэд зарлах эрх үүсэх юм.