Завхан аймгийн төв Улиастай хотод энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Баруун бүсийн хурд-2026” хурдан морины уралдаан, адуучдын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагджээ.
Тус наадмыг Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын адуучдын холбоо, “Очирваанийн хүлэг” морин спорт уяачдын холбоо болон “Нэг Монгол” байгууллага хамтран зохион байгуулж байгаа аж.
Энэ жилийн “Баруун бүсийн хурд” наадам Монгол Улсын түүхэн ой, тэмдэглэлт үйл явдлуудтай давхцаж буйгаараа онцлог болж байна. Тодруулбал, Монгол Улсын тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Завхан аймаг байгуулагдсаны 103 жилийн ойг хамтатган тэмдэглэх аж.
Баруун бүсийн шилдэг хүлгүүд уралдана
Наадмын хүрээнд баруун бүсийн шилдэг уяачдын хурдан хүлгүүд тоосоо өргөж, хурдан морины уралдаанаас гадна адуу маллах эрдэм, уламжлалт ур чадварыг харуулсан адуучдын бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах юм байна.
Адуучдын тэмцээнд морьтой болон явган шургуулах, ташуур, уурга шүүрэх, эмэгтэй туг сүлжих зэрэг үндэсний уламжлалт ур чадварын төрлүүдээр шилдгүүдийг тодруулах ажээ.
Мөн үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа, бүх насны хурдан морины уралдаан, айрагдсан морьд болон шилдэг адуучдад шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн болон хаалтын тоглолт зэрэг олон арга хэмжээ гурван өдрийн турш үргэлжлэх юм байна.
Наадмын хөтөлбөр
Долдугаар сарын 24-нд:
- Хязаалан,
- Шүдлэн,
- Сонгомол дунд насны морь,
- Жороо морины уралдаан,
- Үндэсний бөхийн барилдаан,
- Сур, шагайн харвааны тэмцээн эхэлнэ.
Долдугаар сарын 25-нд:
- Баяр наадмын нээлтийн ёслол,
- Азарга,
- Соёолон,
- Даага,
- Сонгомол бага насны морьдын уралдаан,
- Өсвөрийн бөхийн барилдаан,
- “Баруун бүсийн хурд-2026” хүндэтгэлийн тоглолт болно.
Долдугаар сарын 26-нд:
- Их нас,
- Сонгомол дээд насны морьдын уралдаан,
- Адууны ур чадварын тэмцээний аваргуудыг тодруулах шийдвэрлэх шат,
- Үндэсний бөхийн барилдааны шилдэгүүдийг тодруулах үйл ажиллагаа үргэлжилнэ.
Наадмын хаалтын үеэр сур, шагайн харваа болон бөхийн шилдгүүдэд шагнал гардуулж, “Баруун бүсийн хурд-2026” шоу тоглолтоор баяр наадмыг өндөрлүүлнэ.
Аялал жуулчлал, өв соёлыг дэмжих томоохон арга хэмжээ
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал, үндэсний өв соёлыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь энэхүү наадам болж байна.
“Баруун бүсийн хурд-2026” хурдан морины уралдаан төдийгүй баруун бүсийн аймгуудын соёл, спорт, адууны аж ахуй, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний уламжлалаа сурталчлах томоохон арга хэмжээ болох аж.
Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас наадмын үеэр иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гал түймрийн аюулгүй байдал, мал эмнэлэг, нийтийн хэв журам, худалдаа үйлчилгээний бэлтгэлийг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахаа мэдээлэв.