Монголын Волейболын Холбоо спортын салбарын шинэчлэл, хөгжлийн бодлогын хүрээнд 2026 оны Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эрчимжүүлж байна.
Тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын ASA Arena спортын ордонд болох бөгөөд Зүүн Азийн бүсийн шилдэг үндэсний шигшээ багууд ур чадвараа сорин өрсөлдөх ажээ.
Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Хонконг, Макао зэрэг Зүүн Азийн хүчирхэг багууд оролцох ажээ.
Олон улсын өндөр түвшний тэмцээнийг эх орондоо хүлээн авах нь Монголын волейболын спортын хөгжилд чухал түлхэц болж, үндэсний шигшээ багууд эх орныхоо хөгжөөн дэмжигчдийн өмнө өрсөлдөх боломжийг бүрдүүлэх юм.
Монголын Волейболын Холбооноос тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй бөгөөд тэмцээний зохион байгуулалт, олон улсын стандарт шаардлага, баг тамирчдын байр, бэлтгэлийн нөхцөл, сайн дурын ажилтнуудын сургалт зэрэг чиглэлээр ажиллаж байгаа аж.
Мөн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулснаар Монгол Улс олон улсын волейболын томоохон тэмцээнүүдийг хүлээн авах чадамжаа дахин бататгах зорилготой юм.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголын баг тамирчдын олон улсын чансааг ахиулах, залуу тамирчдад туршлага хуримтлуулах, волейболын спортыг хүүхэд, залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн бүс нутгийн шилдэг багуудын тоглолтыг эх орондоо үзэх боломж нь спорт сонирхогчдын хувьд онцлох үйл явдал болох юм.
Монгол Улс өмнө Зүүн Азийн бүсийн волейболын тэмцээнийг хэд хэдэн удаа зохион байгуулж байсан бөгөөд 2026 оны тэмцээн нь улсын хэмжээнд волейболын дэд бүтэц, зохион байгуулалтын шинэ шатанд гарсныг илтгэх чухал үйл явдал болж байна.