K-pop-ын супер хамтлаг BTS ням гараг (АНУ-ын цагаар)-т болсон FIFA-гийн 2026 оны ДАШТ-ий финалын түүхэн анхны завсарлагааны шоуны тайзнаа гарч, дэлхийн хэмжээний уран бүтээлчид болох Мадонна, Шакира, Жастин Бибер зэрэг ододтой хамтран тоглолт хийв.

Тус хамтлаг Испани, Аргентины шигшээ багийн хооронд болсон 2026 оны ДАШТ-ий финалын үеэр АНУ-ын Нью Жерси мужийн Ист-Ратерфорд хот дахь New York New Jersey Stadium-д зохион байгуулагдсан halftime шоунд хоёр дахь уран бүтээлчээр оролцсон нь спорт, хөгжмийг дэлхийн хамгийн том тайзуудын нэгт нэгтгэсэн түүхэн мөч боллоо.

Шоуг Мадонна “Music” дуугаараа эхлүүлж, роликтой бүжигчдийн хамт тайзнаа гарсан бол BTS-ийн гишүүн Жонгүг хамтлагийн дэлхийд алдартай “Dynamite” дууг дуулж, тоглолтыг үргэлжлүүлэв. Удалгүй бусад гишүүд ээлж дараалан тайзнаа нэгдэж, талбайн төвд бүрэн бүрэлдэхүүнээрээ үзүүлбэр үзүүлэн, үзэгчдийн халуун алга ташилтыг хүртлээ.

Тоглолтын үеэр Suga БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийн албан ёсны бүлэг болох “Red Devils”-ийн бэлгэ тэмдэгтэй өмсгөл өмссөн бол Jimin болон J-Hope нарын хувцсан дээрх долоон тоо БНСУ-ын шигшээ багийн ахлагч Сон Хын Миний өмсгөлийн дугаар болон BTS-ийн долоон гишүүнийг бэлгэдэж, хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татжээ.

K-pop supergroup BTS performs during the halftime show of the 2026 FIFA World Cup final at New York New Jersey Stadium, New Jersey, on July 19, 2026, in this Associated Press photo. (Yonhap)

Дэлхийн аваргын түүхэнд анх удаа зохион байгуулагдсан энэхүү halftime шоуг FIFA олон улсын боловсрол, нөлөөллийн байгууллага Global Citizen-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд спорт, хөгжим, соёлыг нэгтгэн дэлхий даяарх үзэгчдэд хүргэх зорилготой байсан аж. Шоуг Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин удирдан зохион байгуулжээ.

Тоглолтын дараа BTS-ийн агентлаг BigHit Music-ээр дамжуулан гаргасан мэдэгдэлдээ “Гайхалтай уран бүтээлчид болон хүүхдүүдтэй хамт хайрын мессэж түгээсэн утга учиртай шоунд оролцсондоо баяртай байна. Энэ бүхэн зүүд шиг санагдлаа” хэмээн онцолсон байна.

Мөн хамтлаг “Бид багаасаа ДАШТ-ийг үзэж өссөн учраас дэлхийн аваргын финалын анхны halftime шоунд оролцох боломж олдсон нь нэр төрийн хэрэг гэж хүлээн авч байна” гэжээ.

BTS-ийн гишүүн Жонгүг өмнө нь 2022 оны Катарын ДАШТ-ий нээлтийн ёслолд оролцож байсан бол энэ удаагийн тоглолт нь хамтлагийн долоон гишүүн бүгд дэлхийн аваргын финалын тайзнаа анх удаа хамтдаа гарсан үйл явдал боллоо.

Эх сурвалж: YONHAP