Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд энэ сарын 29, 30-ны өдрүүдэд “Алунгоо эхийн сургаалын баяр” зохион байгуулагдах юм байна. Энэхүү арга хэмжээ нь Хөвсгөл нутгийн түүх, өв соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд өдгөө бүс нутгийн онцлох соёл, аялал жуулчлалын томоохон эвент болжээ.

Тус баярыг Чандмань-Өндөр сумын Засаг дарга асан Ч.Энхтүвшин санаачлан, Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой тохиосон 2002 онд анх зохион байгуулжээ. Түүнээс хойш цар хүрээ нь жил ирэх тусам өргөжин, хоёр жил тутам уламжлал болгон тэмдэглэдэг болсон байна.

Энэ жилийн баярын хүрээнд Алунгоо эхийн сургаал, монголчуудын өв соёлыг сурталчлах зорилготой эрдэм шинжилгээний хурал, урлагийн тоглолт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах аж.

Чандмань-Өндөр сумын нутгаар урсах Ариг голыг зарим түүхч, судлаачид Алунгоо эхийн уугуул нутаг хэмээн үздэг бөгөөд энэ нутагт түүнтэй холбоотой домог, хууч яриа өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.

Алунгоо эхийн дурсгалд зориулсан гурван метр өндөр хөшөөг 1992 онд Ариг голын урд талын “Тарагны овоо” хэмээх өндөрлөгт босгосон байна. Уг хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-Иш бүтээсэн бөгөөд сумын төвөөс 12 километрийн зайд оршдог аж.

Эв нэгдлийг сургасан Алунгоо эхийн сургаал

“Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр, Алунгоо эх нь монголчуудын алтан ургийн дээд эмэг эх бөгөөд Хорь түмдийн ноён Хорилдай мэргэний охин, Добу мэргэний гэргий байжээ.

Тэрээр Добу мэргэнтэй ханилан амьдрах хугацаандаа Бэлгүнүтэй, Бэгүнүтэй хэмээх хоёр хүү төрүүлсэн бол нөхрөө нас барсны дараа Буха Хатаги, Бухату Салжи, Бодончар Мунхаг хэмээх гурван хүүтэй болсон тухай түүхэн сурвалжид өгүүлдэг.

Алунгоо эхийн бидэнд өвлүүлсэн хамгийн алдартай сургаал бол эв нэгдлийн үнэ цэнийг илэрхийлсэн “Таван сумны сургаал” юм.

Тэрээр таван хүүгээ дуудаж, тус бүрд нь нэг нэг сум өгөөд хугалахыг хүсэхэд тэд сумыг хялбархан хугалжээ. Харин таван сумыг багцлан боож өгөөд хугалахыг даалгасан ч хэн нь ч дийлж чадаагүй байна.

Үүний дараа Алунгоо эх “Та нар ганц ганцаар салбал нэгэн сум мэт амархан дийлэгдэнэ. Харин эв эеэ нэгтгэвэл багцалсан сум мэт бат бөх болж, хэнд ч амархан дийлдэхгүй” хэмээн сургасан гэдэг.

Энэхүү сургаал нь өнөөдөр ч монголчуудын эв нэгдэл, ахан дүүсийн холбоог бэлгэдсэн үнэт өв болон үеэс үед уламжлагдан иржээ.