2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод Английн шигшээ Францыг үндсэн цагт 6:4-ийн харьцаагаар хожлоо. Хоёр багийн гал гарсан өрсөлдөөн долдугаар сарын 19-ний ням гарагт шилжих шөнө Майами хотын цэнгэлдэх хүрээлэнд болов.
Англи эхний үед илт давуу тоглолт үзүүлэв
Тоглолтын гурав дахь минутад Английн хагас хамгаалагч Деклан Райс алсын хүчтэй цохилтоор тооны харьцааг нээсэн. 18 дахь минутад Райсын булангийн цохилтыг хамгаалагч Эзри Конса мөргөж гоол болгосноор "Гурван арслан"-гийн давамгайлал улам баталгаажсан юм.
Францын шигшээ хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлсэн ч Английн хаалгач Дин Хендерсон багаа удаа дараа аварч байлаа. Харин Томас Тухелийн удирдсан Английн шигшээ хурдан сөрөг довтолгоогоор гурав дахь гоолоо оруулж, Букайо Сака Маркус Рэшфордын дамжуулалтыг амжилттай төгсгөв.
Эхний үеийн нэмэлт цагт Сака дахин гоолдсоноор Англи завсарлагаанд 4:0-ийн харьцаатай илт давуу орсон.
Франц эргэн ирсэн ч Англи ялалтаа хамгаалав
Хоёрдугаар үе эхэлмэгц Францын шигшээ тоглолтын өнгийг бүрэн өөрчилж чадлаа. 48 дахь минутад Килиан Мбаппе Майкл Олисегийн дамжуулалтаар эхний гоолоо оруулсан бол зургаан минутын дараа Мбаппе өөрөө дамжуулалт өгч, Брэдли Барколя тооны харьцааг 4:2 болгож ойртуулав.
66 дахь минутад Олисе, Мбаппе нар дахин гайхалтай хослон довтолж, Франц гурав дахь гоолоо орууллаа. Энэ нь Олисегийн тэмцээний долоо дахь гоолын дамжуулалт болсон бол Мбаппегийн хувьд ДАШТ-ий энэ удаагийн тэмцээний арав дахь гоол байв.

Тэрбээр ийн "Алтан шаахай"-н төлөөх өрсөлдөөнд Аргентины Лионель Мессиг хоёр гоолоор илүүрхэж, дэлхийн аваргын түүхэн дэх нийт гоолын тоогоор ч Мессиг нэг гоолоор ардаа орхин 22 гоолтой болжээ.
Францын шигшээ тоглолтыг тэнцүүлэх хэд хэдэн боломж үүсгэсэн ч 85 дахь минутад хамгаалагч Мало Гюсто торгуулийн талбайд алдаа гаргаснаар Англи 11 метрийн торгуулийн цохилт хийх эрхтэй болов. Букайо Сака энэ боломжийг ашиглан хет-трикээ гүйцээж, Английн тав дахь гоолыг орууллаа.
Нэмэлт цагт Усман Дембеле Францын дөрөв дэх гоолыг оруулсан ч удалгүй Жуд Беллингем хариу гоолдож, тоглолтын эцсийн оноог 6:4 болгон тогтоов.
Дидье Дешамын сүүлчийн тоглолт

Энэхүү гайхалтай, эрч хүчтэй тоглолт Францын шигшээг 14 жилийн турш удирдсан ахлах дасгалжуулагч Дидье Дешамын сүүлчийн тоглолт боллоо. Түүнийг ажлаа хүлээлгэн өгсний дараа Францын шигшээг домогт хөлбөмбөгчин Зинедин Зидан удирдах төлөвтэй байна.
Энэ ялалтаар Английн шигшээ 2022 оны ДАШТ-ий шөвгийн наймд Францад 1:2-оор хожигдсоныхоо хариуг авч чадлаа. Мөн Англи дэлхийн аваргын түүхэнд анх удаа хүрэл медаль хүртэж байгаа бөгөөд өмнө нь 1990, 2018 оны хүрэл медалийн төлөөх тоглолтуудад ялагдаж байв.
ДАШТ-2026 өндөрлөхөд ганцхан тоглолт үлдлээ
2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд Хойд Америкт болж байна. Тэмцээний ихэнх тоглолт АНУ-ын 11 хотод болсон бол Мексикийн гурав, Канадын хоёр хот тоглолтуудыг хүлээн авчээ.
104 тоглолттой энэ удаагийн ДАШТ-ээс зөвхөн аваргын төлөөх ганц тоглолт үлдээд байна. Шигшээ тоглолтод Испани, Аргентины шигшээ багууд АНУ-ын Нью Жерси мужийн Ист-Ратерфорд хот дахь MetLife Stadium цэнгэлдэхэд хүч үзнэ.
Финалын тоглолтоос нэг цаг хагасын өмнө хаалтын ёслол эхлэх бөгөөд тоглолтын завсарлагааны үеэр дэлхийн аваргын түүхэнд анх удаа Супербоулын хэв маягийн хөгжмийн шоу зохион байгуулагдах юм байна.
Эх сурвалж: DW